Хоёр мянга орчим тарваганы арьс тээвэрлэж явсан этгээдийг саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-10 21:38:26
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн сарын 30-ны шөнө Хэрлэн сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-г 84-31 УНЭ тоёота маркийн машинаар 2000 орчим тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн саатуулжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.
Үүнээс өмнө их хэмжээний тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан тохиолдлыг 2015 онд илрүүлж байсан байна. Тодруулбал, Эрээнцавын боомтоор хойд хөрш рүү 500 боодол буюу 6000 гаруй тарваганы арьс гаргах гэж байсныг хилчид илрүүлж байжээ.
Улсын хэмжээнд “Илрүүлэлт, оргодол” нэгдсэн арга хэмжээ өрнөж, энэ хүрээнд тус аймгийн орж гарах постууд дээр байнгын хяналт шалгалт хийж байгаа юм.
Дашрамд дуулгахад, 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багасчээ. Тэр тусмаа сүүлийн 12 жилийн хугацаанд л гэхэд тарваганы тоо толгой 75 хувиар буурсан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ