Улсын шилдэг ерөөлчөөр Ж.Дагвасамба, магтаалчаар Ж.Мөнхбат нар тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-13 16:50:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тус уралдаан нь Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл-ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилготой.
Нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. Ардын жүжигчин, СГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлэв.
Хоёр үе шаттай зохион байгуулсан уралдааны нэгдүгээр шатанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцсоноос II шатанд 15, 15 авьяастан ерөөл, магтаалын зэрэгцээ тодорхой сэдвийг сугалан шууд цэцлэн ерөөж, магтах хэлбэрээр ур чадвар, оюун билгээ сорьж өрсөлдсөн юм.
Энэ удаагийн уралдаанд оролцогчдын дундаж нас  42 байсан бол хамгийн өндөр настай оролцогч нь 77 настай Г.Дүгэрсүрэн нар байв.
Ерөөлийн төрөлд нэгдүгээр байрт Ж.Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/, дэд байрт С.Мөнхжаргал /Орхон аймаг/, гуравдугаар байрт Д.Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/, тусгай байрт И.Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/ нар шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Магтаалын төрөлд нэгдүгээр байрт Ж.Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/, дэд байрт Ц.Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/, гуравдугаар байрт Ч.Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/, тусгай байрт Г.Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/ нар шалгарсан юм.



Энэ үеэр “Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг”-ээр Д.Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/, Д.Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/, Ж.Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/, Ч.Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/ нарыг шагнаж урамшуулав.

Түүнчлэн Дорноговь аймгийн нэрт ерөөлч, магтаалч, туульч, СТА Зундуйн Чулуунбаатарын гэр бүл, үр хүүхэд нь түүний нэрэмжит шагналыг буй болгож анхныхыг дэлхийн язгуур урлагийн шагналт, "Домог" хамтлагийн уран бүтээлч Б.Бат-Оршиход гардууллаа.
Уралдааны үеэр нийслэлийн Соёл, урлагийн газар, ерөөлч, магтаалчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж аман билгийн томоохон төрөл болох ерөөл, магтаал, билгэ дэмбэрлийн үгсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв болоод өвлөн уламжлагчид, уламжлал, шинэчлэлийн зохистой хослол, язгуур мөн чанар, тайзны урлагийн хэлбэр хэрхэн зэрэгцэн орших зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж ерөөлч, магтаалчдын санал бодлыг сонссон нь энэ удаагийн уралдааны онцлог байв.

Ж.Болор
Холбоотой мэдээ