Хоёр хотын удирдлагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”т гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-14 17:48:52
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улаан-Үд хотын соёлын өдрүүд-2017” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Хотуудын уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргах, хамтын нөхөрлөлд тулгуурласан түншлэлийг улам бүр хөгжүүлэх зорилготойгоор энэ удаагийн соёлын өдрүүд явагдаж байна. 
Энэ ч утгаараа Дархан, Улаан-Үд хотуудын удирдлагууд харилцан тохиролцож хамтын ажиллагааг өргөжүүлэх салбаруудыг тогтоон, харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат, Улан-Үд хотын Захирагч Александр Михайлович Голков на гарын үсэг зурлаа.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Дархан, Улан-Үд хотын хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эдийн засаг, нийгэм соёлын хөгжилд тодорхой ахиц дэвшил гарах давуу талтай гэж талууд онцолж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Улаан-Үд хотын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь манай хоёр хотын эдийн засаг нийгэм соёлын бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж хоёр хотын ард түмний хооронд илүү дотно нөхөрлөлийг зузаатгах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлж байсан юм. 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ