Ази, Номхон далайн бүсийн анхдагчаар тооцогддог МАН-ыг У.Хүрэлсүх удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-22 14:43:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар тус намын шинэ даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг сонгож, тамгыг нь гардуулан өгөв. Тэрбээр Их хурлын 1260 төлөөлөгчийн  775 буюу 63.1 хувийн санал авч, 1921 оноос эхлэн тоолбол 15 дахь даргаар ийнхүү сонгогдсон юм.
Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо 1309 төлөөлөгчтэй эхэлсэн. Хуралдааны эхний өдөр тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж баталсан бол хоёр дахь өдрөө намын даргад нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаа болов.Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар дэвшсэн. Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ татаж, улмаар үлдсэн хоёр нэр дэвшигчээр санал хураалт явуулав.
Намын даргыг сонгох санал хураалт өчигдөр үдээс хойш өрнөж, нийт 1309 төлөөлөгчийн 1260 нь хүчинтэй, 31 хүчингүй санал өгчээ. Улмаар саналыг төхөөрөмжөөр тоолсон бөгөөд баталгаажуулж гар тооллого ч хийсэн. Ингээд Их хурлын нэгдсэн хуралдааныг 21.40 минутын орчимд дахин эхлүүлж, Тооллогын комиссын дарга н.Мөнхбат санал хураалтын дүн болон тогтоолын төсөл танилцуулав.Тэрбээр гараар болон төхөөрөмжөөр тоолоход нэг ч саналын зөрүү гараагүй, коммисын гишүүдийн хооронд санал зөрөлдсөн зүйлгүй дүнг гаргасан гэдгийг хэлээд намын даргад өрсөлдсөн У.Хүрэлсүх 775 буюу 63.1 хувь, Д.Хаянхярваа 36.9 хувь буюу 451 хүний санал авсныг танилцууллаа. Мөн намын даргаар олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг томилсон тогтоолын төслийг хурлын тэргүүлэгчдэд гардуулсан.


Ингээд санал хураалтын дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ Монгол оронд төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт анхдагч намаар тооцогддог, дэлхийд данстай МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдон, баталж буйг онцлов. Мөн тэрбээр “Би МАН-ын даргаар хоёр удаа ажиллаж, хоёр удаа шинэ даргад тамгаа гардуулан өгч байна. Хоёр удаа энэ намыг тэргүүлэхдээ АН-ын Засгийн газраас Ерөнхий сайдын тамгыг хүлээн авч, ямар нэгэн сонгуульгүйгээр МАН-ын тухайн үед сонгогдож байсан шинэ даргад хүлээлгэн өгч байсан. Би парламентад 26 суудалтай сөрөг хүчний намын дарга болж, парламентад 65 суудалтай эрх баригч нам болгон хүлээлгэн өглөө. Энэ бол хоёр удаа намын даргаар ажилласан миний хамгийн товч тайлан юм. У.Хүрэлсүх таныг эв нэгдлийг эрхэмлэж, энэ их ачааг ажирахгүй үүрч явж чадна гэж итгэж байна. Та өөртэйгөө өрсөлдсөн УИХ дахь намын бүлгийн дарга Д.Хаянхярваатай нэгдмэл, нэг ойлголттой гар нийлж ажиллаж чадвал бидний дундах талцал үгүй болж, эвлэрэл нэгдлийн шан тавигдаж чадна” хэмээсэн юм.
 
У.ХҮРЭЛСҮХ: НАМЫН БҮЛГИЙН 33,32 ГЭСЭН ЯРИА ЭНЭ МӨЧӨӨС ЭЦЭС БОЛЖ БАЙНА

МАН-ын даргаар сонгогдож, тамгаа гардаж авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төлөөлөгчдөд хандаж үг хэлсэн. Тэрбээр “Энэ түүхэн их хурлаар би МАН-ын даргын хариуцлагатай, хүндтэй үүргийг та бүхнээсээ хүлээн авлаа. МАН бол улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө байгуулагдсан улс төрийн ууган хүчин, эцэг нам. МАН 1921 ардын хувьсгал хийж байгуулагдсан нам, 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Монгол Улсын Бүгд найрамдах засаглалтай болгосон улс төрийн хүчин. 1961 онд Монгол Улсын алтан соёмбот далбааг НҮБ-ын индэрт намируулж, дэлхийн бүрэн эрхт гишүүн улс болж чадсан нам. 1990-ээд онд  өөрчлөлт шинэчлэлт хийж, улс орондоо ардчиллыг бий болгосон түүхэн үйл явдлыг удирдан зохион байгуулсан. Энэ түүхт намын даргаар сонгогдож, асар их хариуцлага, ачаа ирж байгааг өөрийн оюун бодол, бие сэтгэлээрээ мэдэрч байна. Улс орны эдийн засаг хүнд, нам доторх үйл явдал нэлээд өрнөсөн цаг үед би намын дарга боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэлийг сонслоо. МАН бол эв нэгдэлтэй нам. Энэ нам бол Монгол гэдэг айлын ууган хүү. Монгол Улсын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг намын эрх барих дээд байгууллага Их хурлаас надад, МАН-ын бүлгийн 65 гишүүд албан ёсоор өгсөн гэж ойлгож байна. МАН ямар эв нэгдэлтэй, хүч чадалтай нам гэдгийг харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд амжилттай оролцож, амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Ард түмэн бидэнд итгэж саналаа өгсөн учир итгэлийг хичээл зүтгэлээр хариулах учиртай. Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд би МАН-ын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд чөмгөө дундартал ажиллах болно” хэмээсэн юм.



МАН-ын даргад У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үг хэлэхдээ “Өнөөдрийн Их хурал МАН-ыг дахин хүчирхэг байх нөхцлийг бүрдүүллээ. Учир нь бид өнөөдөр эв эеэ ололцсон. Өнгөрсөн хугацаанд бие биенээ хэмлэлээ. Журмын нөхөддөө хатуу үг хэлж байсан бол уучлал хүсч байна. Энэ цаг мөчөөс алдагдсан үнэт зүйлсээ сэргээж, намын шинэчлэлийн хамгийн анхны шанг татна. МАН-ын дарга, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх нөхөртөө энэ намын эвийг эвлүүлж авч явна, эдийн засгаа өсгөхийн төлөө ихийг хийж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна” хэмээв.

Ингээд МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид шинэ даргаа сонгож, дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан баталлаа. Харин өнөөдөр Бага хурлын 369 гишүүнийг сонгож, Бага хурлаа шинээр байгуулах юм. Улмаар Анхдугаар хуралдаанаа хийж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгохоор төлөвлөж байна.


МАН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН
ТЭРГҮҮЛЭГЧ 22 НАМЫН НЭГЭЭР СОНГОГДЖЭЭ

Дашрамд дурдахад, Монгол ардын нам /МАН/ нь 1921 онд байгуулагдсан Монголын хамгийн анхны улс төрийн хүчин  бөгөөд ирэх 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам болох МАН нь өнөөдрийн байдлаар 210 мянган гишүүнтэй бөгөөд дэргэдээ Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МАСОХ, МАН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудтай.
Тус нам нь Монголын ууган улс төрийн хүчин, УИХ-ын нийт 76 суудлын 65 буюу 80 хувийг дангаар бүрдүүлж байгаа гэдэг утгаараа олон улсад нэр хүнд нь өсч, байр сууриа бэхжүүлж буй.  Дэлхийн 365 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төрийн намуудын чуулга уулзалт хэмээх том байгууллагын гишүүнээр элсэж, улмаар Тэргүүлэгч гишүүн 22 намын нэгээр сонгогдсон.
СоцИнтерний гишүүн намуудын дунд манлайлах байр суурьтай болж, Дэд ерөнхийлөгчийн статус МАН-д ногдсоноор тус намын даргаар ажиллаж байсан Сү.Батболд энэ албан тушаалыг хашиж байна. Мөн Олон улсын хэмжээний улс төрийн томоохон байгууллага болох “Прогрессив Алъянс”-ын болон СоцИнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулж буй бөгөөд тухайлбал, 2016 оны сүүлчээр ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” намтай 5 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээ байгуулсан. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 

Холбоотой мэдээ