2020 онд Хятад улс дэлхийн хамгийн том киноны зах зээлтэй улс болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-29 13:42:46
Бээжин /МОНЦАМЭ/. "Хятад улс 2020 он гэхэд дэлхийн хамгийн том киноны зах зээлтэй улс болно гэж тооцоолж байна" хэмээн Хятадын Хэвлэл мэдээлэл, радио телевизийн ерөнхий газрын дэд дарга Жан Хунсэн энэ сарын 26-ны өдөр Хятадын Ханжоу хотод зохион байгуулсан “Залуу кино бүтээгчдийн чуулга уулзалт”-ын үеэр мэдээлэв.  
Тэрээр цааш нь "Хятадын кино урлагийн салбар том зах зээлийг чанаржуулах чухал үе шатандаа явж байна, том зах зээлээс гадна дотоодын кино үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, киногоор дамжуулан соёл уламжлалаа сурталчлах, олон улсын киноны ертөнцөд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх нь чухал” гэдгийг онцлов.
Түүний тооцоолж буйгаар 2020 он гэхэд Хятадын дэлгэцийн уран бүтээлийн тоо 60 мянгаас давж, жилд дунджаар 800 орчим кино шинээр бүтээж, тасалбарын орлого 70 тэрбум юаниас давах аж.
"Хятад улс нь хэдэн жилийн дараа магадгүй Холливудын дараа орох томоохон кино үйлдвэрлэгч болж, дэлхийн кино урлагийн хөгжилд оруулах хувь нэмэр улам бүр нэмэгдэнэ. Кино урлагийн салбарт Хятад улс АНУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна” хэмээн тэрээр нэмж хэллээ.
Дашрамд дурдахад, энэ жил Хятад улсад Энэтхэг, Испани, Тайланд зэрэг улсын кино шаггүй ашиг орлоготой ажиллажээ.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ