АТГ С.Баярцогт, Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг шалгаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон зарим УИХ-ын гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай өчигдөр танилцах үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал оффшортой холбоотой хийж байгаа шалгалт, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Олны анхаарлыг татсан оффшор бүсээс мөнгө татах ажиллагаа ямар шатанд явж байгааг тайлбарлаад “Хуулийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 3-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ оффшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хэрвээ ингэвэл хугацаа хойшилно. Оффшорын тодорхой бүсүүдийг УИХ-аас зарласан. С.Баярцогт болон Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг шалгаж байгаа. Ерөнхийлөгч оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй” гэсэн мэдээлэл өгчээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга ч АТГ-ын удирдлагад тодорхой үүрэг даалгавар өгсөн гэж АТГ-аас мэдээлэв.
Ж.Батсайхан