Ш.Паламдорж: Цагаачлалыг дагаад террористууд хил нэвтрэх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-17 17:22:24

Олон улсад террорист халдлагууд хэд хэдэн удаа гарч, нийгмийн дунд айдас үүсээд байна. Энэ хүрээнд Монгол Улс терроризмаас сэргийлэхэд ямар арга хэмжээ авч байгаа талаар Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны доктор профессор Ш.Паламдоржтой товч ярилцлаа.

-Монгол Улс террорист халдлагад өртөх хэр магадлалтай вэ?  

-Терроризм олон улсын хэмжээнд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг арга хэмжээ болж хувираад байна. Хүйтэн дайнаас хойш Терроризмын дайн гэх улс төрийн зорилготой, соёл иргэншлийн хоорондын тэмцэл мөргөлдөөн бий боллоо. Үүний илрэл нь сүйлийн үед болсон террорист халдлагуудыг нэрлэж болно. Тухайлбал ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг бөмбөгдсөн, Парист зохион байгуулалттай тэсрэлт, дэлбэрэлт боллоо. Сүүлийн 10 жилийн хугацаанд террорист халдлагад өртсөн хүний тоолж баршгүй боллоо.

Монголын хувьд террорист халдлага гарах нөхцөл харьцангуй бага. Гэхдээ огт гарахгүй гэх боломжгүй, Тухайлбал манай улсын хоёр хөрш террорист халдлагад их өртөж байна. Ялангуяа БНХАУ-ын Шиньжан Уйгарт, ОХУ-д үүсэн нөхцөл байдлыг харахад манай улсад террорист халдлага гарах магадлалтай. Нөгөө талаар цагаачлал маш өргөн болсон өнөө үед цагаачлалыг дагаад террористууд хил нэвтрэх магадлал өндөр байна. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг маш эрчимтэй тогтмол зохион байгуулж байх зайлшгүй шаардлага үүссэн.

-Монгол Улс терроризмаас сэргийлэхэд ямар үйл ажиллагаа явуулж байна?  

-Монгол Улсын хувьд террорист халдлагаас урьдчилан сэргийлэх асуудал хамгийн чухал. Өөрөөр хэлбэл улс орны дотоод зохион байгуулалт, хууль сахиулах болон иргэдийн сэтгэл зүйн байдлыг төлөвшүүлэх нь терроризмаас сэргийлэх урьдчилсан нөхцлийг бүрдлүүлнэ. Тиймээс энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил байгаа ч дахиад сайжруулах шаардлагатай. Манай Улсын хувьд 2004 онд Терроризмтэй тэмцэх тухай хууль баталсан. Уг хуулийн дагуу ажилладаг тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ч бий. Гэхдээ энэ хууль нь өнөөдөр тавьж буй шаардлагад нийцэхгүй зүйлүүд байгааг  судлаачид хэлж байна. Монголчууд их амгалан тайван улс. Үүнээс шалтгаалаад улс төрийн, шашин хоорондын, экологийн терроризм үүсэхгүй гэх газар байхгүй.

-Иргэдийн сэтгэл зүй терроризмээс сэргийлэх ажилд хэр нөлөөтэй вэ?

-Нөлөөтэй. Үүнийг хоёр талаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт монголчууд хүүхдийн хүмүүжилд харьцангуй муу хандлагатай байдаг. Террористууд бол сэтгэл зүйн хувьд хэвийн биш хүмүүс байдаг. Гэтэл одоо үеийн хүүхдүүд компьютерээр маш их алаан хядаантай тоглоом тоглож байна. Үүнийг дуурайж, сэтгэл зүйд өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Залуучуудын хүмүүжил ч муудаж, хэтэрхий дураараа, “ардчилал”-ыг  буруу ойлгох явдал байна. Эдгээр нь террорист халдлагад нөлөөлөх боломжтой.

Нөгөө талаар монголчууд дээр дурдсанчлан харьцангуй тайван, терроризмын талаар ойлголт байдаггүй. Судалгаанд хамарсан иргэдийн 89 хувь нь терроризмын хор хөнөөлийг мэдэхгүй, терроризмын аюулын талаар 84 хувь нь ойлголтгүй, 98 хувь нь терроризмын шинжтэй гэмт хэргийг ялгаж мэдэхгүй гэж хариулсан. Тэгэхээр боловсролын системд суулгах замаар терроризмын талаар хичээл оруулж, ойлголттой болох шаардлагатай.   

-Монгол Улсад террорист халдлага үйлдэхийг завдаж байсан тохиолдол бий юу?

-Тийм тохиолдол практикт ер нь байхгүй. Харин террорист байж болзошгүй үйлдлүүд байсан. Үүнийг нь таслан зогсоож хорьсон тохиолдол бий. Гэхдээ эдгээр нь цаад зорилгодоо улс төрийн шинж чанартай байгаагүй учир террорист гэх боломжгүй.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ