АТГ-аас Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-06 13:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ өнөөдөр хоёр сэдвээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж байна. Эхнийх нь  Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг тавих зорилгоор байгуулсан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт  өнөөдөр эхэллээ. 
Сургалтыг "Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах 168 иргэн хамарчээ. Нөгөөх нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд АТГ-аас Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдийг сургаж мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон эдийн засаг, төсөв санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгож арга зүйгээр хангахыг Авлигатай тэмцэх газар нэн түрүүнд чухалчилж байна. Тиймээс энэ жилийн хувьд НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сургаж чадавхжуулах ажлыг голлон зохион байгуулж байгаа юм. Сургалтыг Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагын мэргэжилтэн, судлаач, багш нар хөтлөн явуулж байна.

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд эрх зүйн акт, дүрэм журам, зааврын хууль зүйн үндэслэлийг хянахад анхаарах асуудал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаа, түүнээс сэргийлэх арга зам, худалдан авах ажиллагаан дахь нийтлэг зөрчил, цахим худалдан авалтад хяналт тавих, шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, төсвийн орлого, зарцуулалтын ил тод байдалд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын хүлээх үүрэг, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах аргачлал зэрэг сэдвээр сургалт хийж байна. “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэлэхдээ “Авлигын эсрэг үйл ажиллагаанд Та бүгдийг оролцуулснаар авлигатай тэмцэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний шалгуурыг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх боломж бүрдэнэ. Авлигатай тэмцэх бидний түншлэлийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна” гээд сургалтад идэвхтэй оролцохыг хүслээ. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ