У.Бямбасүрэн: Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас тайлбарлах боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-08 13:04:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотой маргааныг Улсын дээд шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэнтэй холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс тодрууллаа. 
 
-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байна. Та ТУЗ-ийн даргын хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?
-Дээд шүүх "Монголын зэс корпораци"-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргасан байна лээ. 2017 оны 3, 4 дүгээр сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, "Эрдэнэт үйлдвэр" компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан зарим шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан зарим шийдвэрийг хүчингүй болгосон байна гэж ойлгосон. Нарийн мэдээллийг албан ёсоор аваагүй байна. 

-49 хувийн хувьцаатай холбоотой шийдвэр гарсан, гараагүй гэсэн хоёр өөр мэдээлэл яваад байна.
Энэ талаар шийдвэр Дээд шүүхээс гарсан уу?
-Шүүхийн шийдвэр албажаад ирэх ёстой. Энэ шийдвэр ирээгүй учраас би тайлбар хэлэх боломжгүй.

-Төлөөлөн удирдах гишүүдийг томилох, чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгосон. Тэгэхээр ямар гишүүдийн томилгоо хүчингүй болов?
-
Өнгөрсөн 2016 онд Хувьцаа эзэмшигчид хуралдаж Төлөөлөн удирдах зөвлөлийн 7 гишүүнийг томилсон. Дараа нь энэ оны 3 дугаар сард хуралдахдаа 3 гишүүнийг сольсон. Энэ томилгоог хүчингүй болгосон  гэж бид ойлгож байна. Төрөөс томилогдсон 3 гишүүн байсан. 

-Энэ асуудалтай зэрэгцэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргыг өөрчлөх тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Үүнд тайлбар өгөөч?  
-Үйлдвэрийн үйл ажиллагаа маш сайн явж байгаа. Энэ асуудлыг хөндөж асуусанд баяртай байна. 2016 оны 12 дугаар сард үйлдвэрийн ерөнхий захирлыг томилсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа их сайн явж, улсад төлж байгаа татвар хураамж, холбогдох бусад төлбөрүүд, улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлогууд бүгд цаг хугацаандаа хийгдэж байна. Төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрөгч онтой харьцуулахад 5-6 дахин өссөн, ашигт үйл ажиллагаа нэмэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийг ахалж байгаа хүний хувьд би үйлдвэрийн даргыг солих, өөрчлөх асуудал яригдах ёсгүй гэж бодож байна. Санхүүгийн жил дуусахад үндэсний ААН-ийн хувьд тайлангаа гаргаж, мэдээллээ олон нийтэд ил тод танилцуулна. 
 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ