Сирид гал зогсож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭПАРИС. /АА/. Хэдэн долоо хоногийн дараа Сирид гал зогсох төлөвтэй байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэллээ.
Олон улсын эвсэл Орос, Ирантай хамтарснаар Сирид магадгүй 3-5 долоо хоногийн дараа гал зогсох боломж байна гэж АНУ-ын “CNN” сувагт өгсөн ярилцлагадаа Керри хэлсэн байна.
Өнгөрөгч баасан гарагт Парист 129 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг Сирийн босогчидтой холбоотой этгээд үйлдсэний дараа, Сирид 4 жил хагас үргэлжилж буй асуудлыг шийдвэрлэх яриа хэлцээ амралтын өдрүүдээр Венад болсон билээ.
Турк-Сирийн хилийн ойролцоо Турк, АНУ-ын хамтарсан ажиллагаа удалгүй эхэлнэ гэж Керри зарласан юм. “Сирийн хойд нутгийн хилийн 75 хувийг буюу бараг бүхлээр нь хаасан. Үлдсэн 98 километрийг хаах ажлыг Турктай хамтран эхлүүлэх гэж байна. Энэ нь “Лалын улс”-д дарамт болж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж Керри хэлжээ. Туркийн тусгай хүчний хүчин чармайлтаас үл хамааран, “Лалын улс”-д гаднаас элсэгчид уг хилээр дамжин нэвтэрдэг байна.
20 орчим улсын сайд нарын Венад хийсэн хэлэлцээний үр дүнд, НҮБ-аар зуучлуулсан гал зогсоох гэрээ байгуулах, 1 дүгээр сарын 1 гэхэд энхийн хэлэлцээг хийж эхлэх талаар санал нэгдсэн байна.
Венад гаргасан улс төрийн шийдвэрийн гол зарчим нь “том алхам” байсныг Керри цохон тэмдэглээд, “Хэдэн сар биш, хэдэн долоо хоногийн асуудал яригдаж байна” гэж Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Х.Аминаа