Түр хамгаалах байр болон асрах төвөөр 20 орчим хүүхэд үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 13:12:53

Өвөрхангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт асарч хамгаалах хүнгүй хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалах төвтэй болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн 6 сард Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах 8 ор бүхий байрыг Арвайхээр суманд барьж ашиглалтад оруулсан юм.

Австралийн Засгийн газрын 31235 ам.доллар, орон нутгийн төсвийн 55 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан уг байранд Бат-Өлзий, Богд, Арвайхээр сумаас хоёр хүүхэд, долоон эмэгтэй хамгаалалт хүсэн байрласан байна. Ар гэрийн асуудлаас болж хамгаалалт хүсч очсон хүүхэд, эмэгтэйчүүд тэнд 2-10 хоног байрлах ба энэ хугацаанд Хөгжлийн өрөөнд өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдан мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой аж.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах түр байр нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс хүүхэд, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлэл тулгарсан тохиолдолд хамгаалах зорилготой бөгөөд Тахарын албанаас байранд ирсэн үйлчлүүлэгчдийг хамгаалахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн Монголын хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Хархорин суманд "Солонго" хүүхдийн асрах төвийг байгуулан өнгөрсөн 6 сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар байнгын үйлчилгээнд нэг хүүхэд, өдрийн үйлчилгээнд 12 хүүхэд хамрагдан тусламж авч байна.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ