Суралцагсдын тоог нэмэхийг даалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 14:33:48

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн сургууль энэ онд 10 багш ажилтан, 19 сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн тус багт ажиллах үеэрээ Галуут сумын удирдлагууд болон Мандал багийн сургуулийн захиралд сургуульд суралцагсдын тоог даруй өсгөх, аймгийн төвд суралцаж байгаа хүүхдүүдийг татан авчрах тал дээр үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр, тус сургуулийн хүүхдийн тоог багадаа 50 болтол өсгөх талаар онцгойлон ажиллах ёстойг хэлсэн.

Сонирхуулахад, 2015 онд Галуут сумд бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийгдсэн. Сумын хуучин соёлын төв 2014 онд галын улмаас шатсан байсныг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар богино хугацаанд засварлаж, Соёл спортын төв болгон өргөжүүлжээ. Мөн сумын Мандал 5-р багийг төвийн эрчим хүчний шугамд холбох ажлыг улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ