"Хүмүүнлэгийн үйлстэн аймаг" батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 17:00:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2017 оны ажил үйлсээрээ Баянхонгор аймаг "Монгол Улсын шилдэг Хүмүүнлэгийн үйлстэн аймаг" болсны батламжийг Мөрөөдөл биелдэг төслийнхөн аймгийн удирдлагуудад гардууллаа.
Энэ онд Баянхонгор аймаг шат шатандаа иргэд, олон нийт, төрийн байгууллагын удирдлага, албан хаагч нар хүмүүнлэгийн олон төрлийн ажил арга хэмжээг явуулж, үр дүнг нь нэлээд олон айл өрх, хүүхэд багачууд, оюутан залуус хүртжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн төрийн удирдах албан тушаалтнуудын хандиваар 62 өрхийн 235 хүнийг орон гэртэй болгож, малгүй, ажилгүй 133 өрхийн 372 хүнийг 356.5 сая төгрөгөөр 7055 толгой малаар малжуулсан байна. Мөн өрхийн тариалан эрхлэх сонирхолтой, санхүүгийн бололцоогүй 30 өрхөд газар олгон, хашаа барьж өгч, шаардлагатай материалын туслалцаа үзүүлжээ.
Түүнээс гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Корундгео ХХК хамтран их дээд сургуульд орсон сурлагын амжилт өндөр, оюутны сургалтын төлбөрөө төлөх боломж хязгаарлагдмал 71 оюутны сургалтын төлбөрт 120.0 сая төгрөг, Жаргалант суманд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани 31 оюутны төлбөрт 31.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ