ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-20 14:37:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын  Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор ирэх онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгажээ. Мөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн 2021 оныг нэгдүгээр сарыг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас 2016 онд баталсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь он гараад дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 2021 оныг нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн байна.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх юм.
Б.Туул
 
Холбоотой мэдээ