20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-28 16:44:41
Дорноговь /МОНЦАМЭ/. Улирч байгаа 2017 онд Дорноговь аймаг нийт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай аймгийн ЗДТГ-аас гаргасан онцлох ажлын мэдээлэлд дурджээ.
Тухайлбал зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд “Мандах наран” 1000 айлын орон сууцны цогцолбор Сайншандад 560 айл, Замын-Үүд суманд 240 айл, Замын-Үүд сумын 960 хүүхдийн сургууль, Иргэдийн хөгжлийн нэгдсэн төв, аймгийн төвийн 7,6 км авто замын шинэчлэл, Багийн хөгжлийн төв, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Усан спорт сургалтын төв, Камерийн хяналтын төв, Айраг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, халуун усны барилгууд, гудамж талбайн тохижуулалт болон авто замын хаягжуулалтуудыг хийсэн аж.
Харин аймгийн ЗДТГ-аас гадаад харилцааг хөгжүүлэхэд түлхүү анхаарснаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын “Алтанговь худалдааны төв”-ийн гадна талбай, аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлэг, Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын өргөтгөл, Дархан муу мянган холбоот хошууны хөрөнгө оруулалтаар “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”, АНУ-ын Элчин сайдын яамны хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна.
Мөн ирэх онд орон нутгаас гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж бүтээнэ байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн аж. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ