Нэгдүгээр ангийн хоёр бүлэг шинээр нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 11:31:56

 2015-2016 оны хичээлийн шинэ жилд Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль нь 77 бүлэгт 2415 сурагч, 116 багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 

   Тус цогцолборын нэгдүгээр ангийн 8 бүлэгт 260 гаруй хүүхэд элсэн оржээ. Энэ жил 1-р ангийн 6 бүлэг нээхээр төлөвлөсөн ч хүүхдийн тоо ихэдсэн тул хоёр бүлэг шинээр нэмжээ. 
   “Авахын зоргоор аваад байвал наймаас ч илүү бүлэг үүсэхээр байсан. Манай тойргийнх бус гээд 30-40 хүүхэд буцаалаа” хэмээн тус Цогцолбор сургуулийн захирал С.Бүрэн онцолсон юм.
   Тус цогцолбор нь хичээл сургалтын үйл ажиллагаагаараа аймагтаа тэргүүлдэг тул бусад сум, сургуулиудаас хүүхдүүд ихээр шилжин ирдэг байна. Энэ жилийн хувьд 6, 10 дугаар ангид тус бүр нэг бүлэг шинээр нэмэгджээ. Өнгөрсөн жил 2277 хүүхэдтэй байсан бол энэ хичээлийн жилд 200 гаруй хүүхдээр нэмэгдсэн байна. 
   Японы “Өвсний үндэс” төсөл болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус цогцолборын 100 хүүхдийн дотуур байр засагдаж дотор тавилгуудаа байршуулж, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж дуусгажээ. Өнөөдрөөс хүүхдүүдээ хүлээнавч байгаа байна. Өнгөрсөн жил 170 хүүхэд дотуур байрандаа авсан бол энэ жил 150-иас хэтрүүлэхгүй аж. 
   Увс аймгийн зарим сумд Ахлах сургуульгүй бөгөөд эдгээр сумдын төгсөх ангийн хүүхдүүдийг Улаангомын цогцолбор сургуулиуд авдаг юм. 

Увс аймаг Б.Батхүү
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд