Төв номын санд компьютер гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-05 13:17:34
Дорноговь /МОНЦАМЭ/. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд иргэдийн боловсролыг дэмжих, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, цахим уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас орон нутгийн төсвийн 6.4 сая төгрөгийн өртөг бүхий найман ширхэг иж бүрэн компьютерийг Төв номын санд гардуулав.
Учир нь Дорноговь аймгийн Төв номын сан цахим номын сантай болох бэлтгэл ажлыг хийж байгаа юм. Эдүгээ 53 мянга гаруй номын фондтой. Гэрээр ном олгох танхим, хүүхдийн уншлагын танхим, насанд хүрэгчдийн уншлагын танхим гэсэн гурван танхимтай бөгөөд 2000 гаруй байнгын уншигчтай аж. Дашрамд дурдахад Төв номын сан нь Монголын номын сангуудын Консорциумаас жил бүр шалгаруулдаг номын сангийн салбарын "Оны онцлох үйлчилгээ 2017"  шагналыг хүртжээ.
Номын фондоо бүрэн электрон каталоги хэлбэрт оруулснаас гадна зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлж хэвшсэн, үндэсний бичиг, хэл соёл, зан заншлаа хойч үедээ сурталчлан таниулах, тоглоом наадгай, уралдаан тэмцээн зохион байгуулдаг нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн ажил болсон аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ