БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулах технологиудтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-01-06 16:03:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Сонгино хайрхан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллалаа. Тэрээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар ашиглаж буй технологиудтай газар дээр нь танилцаж, цаашид нэвтрүүлэх боломжийг  судлав.

Хөрс, агаарын бохирдлыг бууруулах  технологи нэвтрүүлсэн  СХД-ийн 23 дугаар хорооны гурван айлын ариун цэврийн байгууламжтай хамгийн түрүүнд танилцсан юм. Уг ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан бөгөөд нэвтрүүлсэн технологи нь өдөр нарны эрчим хүчээр гэрэл хуримтлуулж, шөнө нь хашаагаа гэрэлтүүлэхээс гадна лагийг бордоо болгох, мөн газ гаргаж, ахуйн хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлжээ. Мөн уг ариун цэврийн байгууламжийг нэг айл байршуулсан тохиолдолд ойролцоо буюу 100 метрт байрлах хэдэн ч айл  ашиглах боломжтой аж.

Үүний дараа  “Нүүдэлчин” зуухыг хэрэглэж буй айл өрхүүдээр орсон юм. “Нүүдэлчин” зуух нь утаа маш бага гаргахаас гадна  нүүрс  бага хэрэглэдэг, дулаанаа сайн  хадгалдагаараа давуу аж. .Мөн “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ын тэргүүн С.Энхтайван гэр, байшингийн дулаалга, дулаан суух технологитой танилцсан юм. С. Энхтайван ярихдаа  "Юуны өмнө иргэд дулаалгандаа анхаарах ёстой.  Дулаалгын  чиглэлээр сургалт зохион байгуулах нь чухал" гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ярихдаа, “Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн олон санал, санаачилга, төсөл, хөтөлбөрийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд  ирүүлж байна. Үүний нэг болох ариун цэврийн байгууламжийг сайжруулсан технологитой танилцлаа. Олон технологиос найдвартай байдал, үр ашиг, үнэ өртөг гэх мэт зүйлүүдийг харьцуулж шийдэл гаргахаар ажиллаж байна. Тухайлбал ариун цэврийн байгууламжийг нийслэлийн СХД-ийн гэр хорооллын гурван айлд холбон туршиж байгаатай танилцлаа. Ашигтай, үр дүнтэй, үнэ өртгийн хувьд боломжийн төслийг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн. Мөн  хөрсний бохирдол, агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотын ойролцоо байрлах амралтын газрууд, Богдхан ууланд шинээр бий болж буй авто зогсоол зэрэг газарт шинэчилсэн ариун цэврийн байгууламж бий болгох шаардлага байгаа. Мөн түүхий нүүрс бага зарцуулдаг, утааг дахин шатаадаг технологи бүхий зуух хэрэглэж буй айлуудтай танилцлаа. Иргэдийн хувьд их ам сайтай байна. Хамгийн гол нь үр дүн авчирсан, ашигтай, үнэ өртгийн хувьд боломжийн арга, технологийг бид ашиглах ёстой” гэлээ.

Б.Заяа
Холбоотой мэдээ