Г.Баасангийн мэдэгдэлтэй холбогдуулан АТГ-аас мэдэгдэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-09 17:03:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү болон АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан  мэдээлэл хийв. 

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг ярихдаа,  “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өглөө мэдээлэл хийхдээ АТГ-ын талаар илт худлаа ташаа мэдээлэл өгсөн. Тиймээс АТГ-аас бодит мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал хийж байна” гэв.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, “АТГ өнгөрсөн оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотой тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе. Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө АТГ-ын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө АТГ-ын нэр хүндийг унагаах зорилгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тараалаа.  АТГ-ыг хаалттай байна, дарга нь олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзахаас зугтаадаг, Х.Энхжаргал дарга хууль ёсны Олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эсэргүүцдэг. Олон нийтийн зөвлөлийн гишүүд бид АТГ-ын хаалгаар үнэмлэх үзүүлж ордог гэж Г.Баасан ярьсан. Авлигын эсрэг хуулийн 32.6-д АТГ-ын байр төрийн хамгаалалтад байна гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектэд хэн нэгэн дур зоргоороо орохыг хязгаарлах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг АТГ-аас  баталж мөрддөг. Энэхүү журмыг АТГ-ын алба хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. АТГ хаалттай ажиллаж байна гэдгийг хаалга үүд цоожилсноор хэмжиж болохгүй. АТГ аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай тохиолдолд өгч байгаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон бусад гишүүдийг нь уулзах хүсэлт гаргах тухай бүрт нь хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 сарын 26-ны өдөр Г.Баасан АТГ-ын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд  боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд бусад гишүүдээ муулж байсан. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байдаг. Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн хувьд эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байдаг. Тухайн үед юу ярьсан нь АТГ-ын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа. “Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. 2014 оноос хойш АТГ-т батлагдаж ирсэн төсвийн мэдээллийг та бүхэн харна уу. Авлигын эсрэг хууль АТГ-ын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно” гэсэн заалт байсныг 2015 онд тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод түүнээс хойш АТГ-ын төсөв жил дарааллан буурч ирсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 оны 11 дүгээр сард батлагдсанаар АТГ-ын 2018 оны хөтөлбөрийн төсөв санхүүжилтийг 14,8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсөвт АТГ-ын үйл ажиллагааны бүх зардлаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт  багтсан. АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх юм. Энэ үйл ажиллагаанд Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй  олон нийтийн төлөөллийн үүрэг маш чухал. Эдгээр хүмүүс нийгмийг авлигатай тэмц, авлигыг үл тэвч, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь АТГ-т юу ч өгөөд, ямар ч мэдээлэл өгөөд нэмэргүй гэж ярьж байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зорилго, АТГ-т итгэх итгэлийг бууруулах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж ойлгож болохоор байна. Бидэнтэй хамтран авлигын мэдээлэгчийг яаж хамгаалах вэ гэж ярихын оронд эсрэгээрээ АТГ-т та нар мэдээлэл өгөх юм бол хохирно шүү гэж уриалга гаргаад байгааг ойлгохгүй байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Г.Баасан “Мөн гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хууль сануулаад, гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна” гэж илт мушгин гуйвуулсан зүйл ярьсан. Иргэд хүсвэл өөрсдөө нэрээ нууцлаад АТГ-т мэдээлэл өгөх боломжтой. Гэхдээ нөгөө талаас иргэн өргөдөл гомдол, мэдээлэл гаргах эрхтэй ч гэсэн тухайн холбогдсон албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Үүнийг зохицуулахын тулд худлаа мэдээлэл өгсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг хуулийн зохицуулалт аль ч улс оронд байдаг. Тиймээс АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг Монгол Улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байна" гэлээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ