Дорноговийн багш, сурагчид ОХУ-ын Эрхүү хотод аялахаар мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-09 20:46:02
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг болон ОХУ-ын Буриад Улсын Эрхүү хотын хамтын ажиллагааны дагуу тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн найман багш, 32 сурагч энэ оны нэгдүгээр сарын 09-нөөс долоо хоногийн хугацаатай Эрхүү хотод аялахаар замдаа гарлаа.
Тэд  Эрхүү хотын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил нэгт багш нар нь хэрхэн ажилладаг хийгээд үе тэнгийн сурагчид нь хэрхэн сурч буйг нүдээр харж, туршлага солилцох юм.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Хөрш орноосоо суралцъя”, “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” зэрэг хүний хөгжил, боловсролын салбарыг дэмжсэн хөтөлбөр боловсруулж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжүүлж байгаа ажээ.
Дашрамд дурдахад аймаг хотын хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд ОХУ-ын  Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн 12 оюутан Дорноговьд ирж Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудтай танилцаж, туршлага солилцож байсан юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ