Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Тус уулзалтад Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан зэрэг Олон Улсын байгууллагууд, АНУ-ын Элчин сайдын яам, Хууль сахиулах байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хийж буй ажлуудын нэг нь энэхүү зөвлөлдөх уулзалт бөгөөд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлогын хүрээнд илүү үр дүнтэй ажиллахад түлхэц болохуйц арга хэмжээ болж буйг оролцогчид дүгнэж байна.
ЦЕГ-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар хийж буй арга хэмжээний тайланд
дурдсанаар, 2017 оны 4, 6, 11 дүгээр саруудад хийсэн шалгалтын явцад саун, массаж, нэрийдлээр хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, бусдад биеэ үнэлэхийг зохион байгуулсан 29 хэрэг, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил давуулсан 6 хэргийг шалгажээ. Ингэснээр нийт 150 хохирогч, 51 холбогдогчийн 45 хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Харамсалтай нь цагдаагийн энэ их цаг үрж, хүч гаргасан гэмт хэргүүдийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн цагдаагийн ажилтан ярилаа. 2016 онд өмнө мөрдөж байсан эрүүгийн хуулиар 113-т заасан зүйлээр /энэ нь хүн худалдаалах/ 11 хэрэгт, 21 холбогдогч, 44 хохирогчийг , 124 дүгээр зүйлээр /биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах/ 10 хэрэгт 25 холбогдогч, 59 хохирогчийг шийтгэж байжээ. Ийнхүү өнгөрсөн хоёр жилд дээрх хэрэгт 209 хүн холбогдсон боловч шүүхээр нэг ч хэргийг шийдвэрлээгүй байна гэдгийг цагдаагийн илтгэгч онцлон анхааруулав.
Ж.Батсайхан