Алдар цолтой ахмад настанд 200 мянга, депатутуудад сар бүр 150 мянга төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-12 11:09:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгасан юм. Өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх үед тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж байсан. Иймд чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг авч хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Одоогийн байдлаар Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настан 200 гаруй хүн өдгөө амьд сэрүүн байдаг ба хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих аж.
Б.Туул
Холбоотой мэдээ