Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-01-13 13:10:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан Үндсэн хууль баталсаны 26 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд УИХ-ын гишүүдээс гадна НИТХ-ын төлөөлөгчид, Ардчилсан Үндсэн хууль батлахад гар бие оролцож байсан Ардын их хурлын депутатууд оролцлоо.

Энэ үеэр Ардын их хурлын депутат, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Малын их эмч Д.Пүрэвдорж, “Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болох Үндсэн хуулийг Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй. Хамгийн сүүлд буюу 1992 онд батлагдсан Үндсэн хууль социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн арчилсан нийгэмд шилжих үед батлагдсанаараа өмнөх хуулиудаас онцлогтой байсан юм. Сүүлийн жилүүдэд УИХ-аас нийгмийн шаардлагад тулгуурлан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих болсон. Үүнийг дэмжиж байгаа. Гол нь одоо бий болоод байгаа шударга бус байдал, оффшор данснаас эхлээд хууль зөрчсөн аливаа асуудлууд зэргийг цогцоор нь шийдвэрлэх хэмжээнд боловсруулах хэрэгтэй” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ