Жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг хүүхдүүдэд сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-22 14:04:28
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын долоодугаар цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл бүлгийн сурагчид Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэнд дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, их жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тус долоодугаар цэцэрлэгийн арга хэмжээг цэцэрлэгийн зүгээс жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.

Нэгдүгээр БДС-ийн багш нар хүүхдүүдэд жанжин Д.Сүхбаатарын амьдрал болоод түүний байгуулсан гавъяа, үйл хэргийнх нь талаар мэдээлэл өгч, Монгол ёс заншлын өргөөгөөр зочлуулсан юм. Хүүхдүүд ч энэ арга хэмжээнд маш идэвхитэй оролцож жанжны тухай сурсан мэдсэнээ багш нар болоод эцэг эхчүүддээ тайлагналаа.

"Цэцэрлэгийн хүүхдүүд манай сургууль дээр ирж Д.Сүхбаатар жанжны талаар мэдээлэл авч, харилцан ярилцсан энэ арга хэмжээ анх удаа болж байна. Тиймээс энэ сайхан ажлыг санаачилсан цэцэрлэгийн хамт олондоо маш их баярлалаа. Анх танай сургууль руу очно шүү гэхэд нь, жаахан хүүхдүүдэд жанжны талаар юу ярих вэ, яаж яривал илүү сайн ойлгох бол гэж бодож байсан. Гэтэл хүүхдүүд маань маш сайн мэдээлэлтэй байсан болохоор харилцан ярилцахад их дөхөм, бас сонирхолтой байлаа. Мөн эцэг эхчүүд маань ч энэ үйл ажиллагааг хүндэтгэн бүгд монгол хувцсаараа гоёж ирсэн нь үнэхээр таатай байна”хэмээн нэгдүгээр БДС-ийн Д.Адъяа хэллээ.

Үүний дараа тэд аймгийн төв талбай дээр ирж Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, хүүхдүүд "Магнаг үсэгтэй туг" дууг дуу хөгжмийн багшийн хамтаар дуулж, бөмбөрөөр бөмбөрдөж хурсан олныг баясгав.

Цэцэрлэгийн захиргааны зүгээс Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Эцэг эхчүүдийн дунд АХА тэмцээн, анги бүлгүүдэд нээлттэй хичээл, бүтээлийн уралдаан зэргийг зарласан байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ