Хөгжимт драмын театр тэргүүний соёл урлагийн байгууллага болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-22 18:13:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт драмын театр 2017 оны ажлаараа салбартаа шалгарч, "Тэргүүний соёл, урлагийн байгууллага" болжээ.
УИХ, Засгийн газраас соёл урлагийн талаар гаргасан хууль тогтоомж, бодлого, аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай -2020” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын 2017 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, соёл урлагийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж ийнхүү шагнан урамшуулсан байна.
Хөгжимт драмын театрын уран бүтээлчид 2017 онд “Торгоны зам-Хархорум хот” соёл, аялал жуулчлалын эвент арга хэмжээг Хархорин суманд зохион байгуулж, 2000 гаруй дотоод, гадаадын жуулчдад соёл, урлагийн үйлчилгээг хүргэсэн бол Арвайхээр хот үүсгэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улсын филармонитай хамтран симфони найрал хөгжмийн сонгодог хөгжмийн бүтээлийн тоглолтыг орон нутгийн иргэд, олон нийтэд хүргэжээ. Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглон 1000 гаруй иргэдэд хүргэсэн байна. Мөн  “Гуулин ээмэг” жүжиг, “Миний хайрыг хүлээ” жүжиг, “Амь нэгтэй хөрш” хошин шогийн тоглолт, “Их хаадын удам” тоглолтыг бие даан зохион байгуулсан юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ