АНУ-ын визэнд зуучилна гэсэн зард хууртахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-23 16:27:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан.  Энэхүү мэдээлэл нийтэд цацагдсаны дараагаас эхлэн "Ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна" гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа болохыг ГХЯ-ны Консулын газраас  анхааруулж байна.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ нь ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхлэх юм. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байгаа аж.

Дашрамд хэлэхэд Монгол Улс анх удаа H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болоод буй. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад чиглэдэг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ