120 гаруй иргэн, ААН үзэсгэлэн худалдаанд оролцохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-25 19:27:17
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим аймгийн ЗДТГ хамтран жил бүр зохион байгуулагддаг “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааны бүртгэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Эмэгтэйчүүдийн ордонд явагдаж эхэлсэн байна. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 8-12 хооронд Залуучууд театрт болно.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэхүү үзэсгэлэн худалдааны онцлог нь дан ганц үндэсний үйлдвэрлэгчид бус олон улсын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийг хамруулах, мөн шилдэг экспортлогч компаниуд, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтойгоороо онцлог юм.
Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчлан таниулах зорилготой. Мөн Дарханд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс гадна бусад аймгуудад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээрээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцох боломжтой.
Урд өмнөх жилүүдэд Улаанбаатар, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай, Төв,  Дундговь зэрэг аймгуудын бизнес эрхлэгчид оролцож байжээ. Бүртгэл эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 26 ААНБ, 80 иргэн, 14 хоршоо оролцохоор бүртгүүлээд байна.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ