АПЕК-ийн хамтын ажиллагааны чиглэлийг АНУ, БНХАУ, Япон тодорхойлно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-20 16:38:16

БЭЭЖИН. /Xinhua/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ хүрээнд хамтран ажиллахад дэлхийд тэргүүлэх эдийн засаг бүхий АНУ, БНХАУ, Япон чухал үүрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед бүс нутгийн эдийн засгаар нэгдэх үйл явц болон хөгжлийг хурдасгах талаарх АПЕК-ийн удирдагчдын уулзалт пүрэв гарагт өндөрлөсөн билээ.

АПЕК-ийн гол тоглогчид болох АНУ, БНХАУ, Япон гурвын нягт харилцаа холбоо нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг болоод зогсохгүй хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, бүс нутгийн нэгдэх үйл явцад бүтэц зохион байгуулалтын хувьд нөлөөлөх юм.

Тэргүүлэх эдийн засагтай гурван орон чухал үүрэгтэй

Дэлхийд үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг Ази тив дангаар бүрдүүлдэг бол АПЕК-ийн эдийн засгууд дэлхийн ДНБ-ий 60 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

Ази-Номхон далайн хөгжил дэлхий дахинд ихээхэн нөлөөтэй гэж БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цуй Тенькай тавдугаар сард Хьюстон хотод тавьсан илтгэлдээ дурдсан билээ.

Европ болон Хойд Америкийн эдийн засгийн бүсүүдийг бодвол хамгийн их өсөлттэй гэгддэг Азийн эдийн засгийн бүс нь дэлхийн эдийн засгийн төв мөн гэж Японы судлаач үзэж байна.

Азийн эдийн засгийн хөгжил тус тивийн болон тивийн гадна орших орнуудад ашиг тусаа өгнө гэж Олон улс судлалын “Canon” хүрээлэнгийн судалгааны захирал Киёюки Сегучи онцлоод, Азийн эдийн засгийн хөгжилд АНУ идэвхтэй оролцох гээд байгаа нь дотоодын өсөлтөө нэмэгдүүлэх зорилготойг онцолжээ.

БНХАУ, АНУ, Японы АПЕК-т гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Үндэсний олон улсын стратегийн хүрээлэнгийн судлаач Жао Зянлин “тэдний нөлөө хоёр талын ач холбогдолтой” гэж хэлэв.

Тус гурван улсын зах зээл, худалдаа, эдийн засгийн цар хүрээ нь АПЕК-ийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг чиглүүлсээр ирсэн болохыг тэрбээр дурдлаа.

Японы урт хугацааны хөрөнгө оруулалт, АНУ-ын импорт, ялангуяа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай өсөлт болон өсөн нэмэгдэж буй нөлөө зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш чухал үүрэгтэй.

2015 оны эхний хагаст АНУ-ын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурч, 2187.4 тэрбум доллар болсноос 60 орчим хувь нь импорт байсан гэж тус улсын Худалдааны яам мэдэгдэв.

Хамгийн том эдийн засагтай гурван орон АПЕК-ийн бодлогыг тодорхойлоход мөн чухал үүрэгтэй гэж Жао хэлэв. БНХАУ, АНУ хоорондын бодлогын түвшний харилцаа болон БНХАУ-АНУ-ын Харилцан хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцээ зэрэг нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг тогтвортой орчноор хангаж, АПЕК-т зориулсан хамтын ажиллагааны механизм бий болгох юм.

Дээрх гурван орон эерэг харилцаа холбоотой байснаар бүс нутгийн орнууд харилцан ашигтай ажиллана гэж тэрбээр хэлжээ.

“Номхон далай дамнасан түншлэл” болон “Ази-Номхон далайн худалдааны чөлөөт бүс”-ийн хамаарал

Өнгөрсөн жил Бээжин хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ази-Номхон далайн худалдааны чөлөөт бүсийн /АНДХЧБ/ талаар стратегийн хамтарсан судалгаа явуулж эхлэхээр гишүүн орнууд тохиролцсоноор бүс нутгийн хэмжээнд чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн юм.

АНДХЧБ-ийн техник, эдийн засаг болон өртөг-үр ашгийн судалгааг хийж байгаа бөгөөд ирэх жил танилцуулахаар төлөвлөжээ. АПЕК-ийн гишүүн 21 орныг хамарсан чөлөөт худалдааны бүсийн гэрээг байгуулж чадвал, 2025 оноос өмнө хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Үүнээс гадна, АНУ, Япон болон АПЕК-ийн гишүүн 10 эдийн засаг эрчимтэй хэлэлцээ хийж, Номхон далай дамнасан түншлэлийн гэрээг өнгөрсөн сард байгуулсан билээ. Уг худалдааны гэрээ нь олныг хамраагүй эсвэл хаалттай байсан гэж шүүмжлэлд өртсөн байна.

Номхон далай дамнасан түншлэл гэрээнд БНХАУ болон ОХУ-ыг оролцуулаагүй нь улс төрийн хувьд сөрөг дохио болж байгаа юм гэж Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Дэлхийн санхүүгийн хүрээлэнгийн захирал, профессор  Фариборз Мошириан мэдэгдэв.

АНДХЧБ байгуулах зэрэг бүс нутгийн гэрээний тухай хэлэлцээнд эдийн засагт тулгуурласан шийдвэр гаргадаг Дэлхийн худалдааны байгууллага оролцож байх хэрэгтэй гэж Мошириан хэлжээ.

2014 онд гаргасан эдийн засгийн загварчлалаас үзвэл АНДХЧБ-ээс олох дэлхийн орлого Номхон далай дамнасан түншлэлээс найм дахин их байна гэж “Синьхуа” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

АПЕК-ийн гишүүн эдийн засгуудын хооронд байгуулсан хоёр талын болон хязгаарлагдмал тооны оролцогчтой худалдааны гэрээний улмаас тус байгууллагын ерөнхий зорилго зарим талаараа гажсан гэж Японы “Nomura Holdings”-ийн стратеги судлаач Акихиро Хошино мэдэгдээд, бүс нутгийн хэмжээний дипломат хэрүүл маргаан АПЕК-ийн механизмын зорилтууд, хүчин чармайлт, хүсэл эрмэлзлийг бэхжүүлэхэд бага зэрэг сөргөөр нөлөөлснийг онцлов.

АПЕК-ийн гишүүн 21 эдийн засаг чөлөөт худалдааны бүс байгуулах хүсэлтэй байгаа учраас Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах нь тус байгууллагын хэтийн зорилго хэвээр байна гэж АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн ажилтан Мэтью Гудман мэдэгдэв.

Уг хэтийн зорилгыг АНУ дэмжсээр байх болно гэж би бодож байна. Гэхдээ АНДХЧБ байгуулах хэлэлцээг АНУ яг одоо эхлүүлэхгүй байх. Эхний ээлжид тэд Номхон далай дамнасан түншлэлийг баталгаажуулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж тэрбээр хэлжээ.

Улс төрийн нөлөөгүй шийдэл

БНХАУ-ын дарга Си Зиньпин есдүгээр сард АНУ-д маш чухал айлчлал хийсэн. Үүний зэрэгцээ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын эхээр Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй гурван талын дээд хэмжээний түүхэн уулзалт хийсэн билээ. Япон болон түүний хөрш орнууд хоорондын газар нутаг, түүхтэй холбоотой маргааны улмаас гурван талын дээд хэмжээний уулзалт гурван жил хагасын хугацаанд болоогүй юм.

Маргаан газар авсан тохиолдолд улс орнууд шууд яриа хэлцээ хийх нь нэн чухал бөгөөд үүнийг бүх улс орон хүлээн зөвшөөрч, нэн тэргүүний асуудал болгох хэрэгтэй гэж Япон судлаач Сегучи хэлэв.

БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын гурван талын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээг эрчимжүүлэхээр тус гурван улс дээд хэмжээний уулзалтынхаа үеэр тохиролцсон бөгөөд АНДХЧБ байгуулах явцыг түргэсгэхийн тулд тус бүс нутгийн орнууд улс төрийн нөлөөллийг умартах хэрэгтэйг тэрбээр онцолсон байна.

АНДХЧБ-ийг байгуулахад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрөхүйц шинэ дүрэм, хэм хэмжээг тогтооход БНХАУ, Япон, АНУ хамтран ажиллах хэрэгтэй гэсэн саналыг Сегучи дэвшүүлэв.

АНУ, БНХАУ, Япон Номхон далай дамнасан түншлэлийг “зорилгодоо хүрэх хэрэгсэл” хэмээн харж, Ази-Номхон далайд зонхилох хүчний хувьд АПЕК-ийг өргөжүүлэх ажиллагааг тэргүүлэн ажиллах ёстой гэж Хошино хэлсэн байна.

Бүс нутгийн сайн сайхны төлөө, бүс нутгийн тэгш бус байдлыг арилгахын тулд чөлөөт худалдааны бүсийн гишүүн болон гишүүн бус орнуудын аль алиныг дэмжих, дэвшилтэт сэтгэлгээтэй яриа хэлцээгээр хангах, АПЕК-ийн чиглэлийг тодорхойлох нь АПЕК-ийн хүрээн дэх хамгийн том гурван тоглогч болох АНУ, БНХАУ, Японы үүрэг юм гэж тэрбээр хэлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ