Усны үнэ цэнийг мэдэрсэн хүмүүсийн дуу хоолой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-20 16:45:49

Увс нуур – Тэсийн голын сав газарт оршин суугч, нутгийн зон олон “Чандмань эрдэнэ” хэмээх усны үнэ цэнийг өсгөж, зүй зохистой хэрэглээг амьдралд  нэвтрүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг амжилтай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Улаангом суманд болсон УНТГСГЗ-ийн гишүүдийн II зөвлөгөөн үүнийг нотлон харуулав. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж  буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл болон одоогоос 2 жилийн өмнө байгуулагдсан УНТГСГ-ын Захиргааны хамтын ажиллагаа орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Ингээд тус сургалт, зөвлөгөөний үеэр энэ сав газрын нутгийн иргэдийн хийж байгаа ажил үйлс, санал бодлын талаар зөвлөгөөнд оролцогч зарим хүмүүстэй уулзсан ярилцлагаа толилуулъя.
Хувиараа цэвэр усны үйлдвэрлэл эрхэлдэг Улаангом сумын тавдугаар багийн иргэн Ж.Мягмарын сэтгэгдлийг авсан юм.

Тэрбээр, “Усаа хэрхэн хамгаалж, аривжуулах талаар зөвлөлдөж байгаад баяртай байна. Амьжиргааны түвшин доогуур байдаг суурин газарт уг төслийн ажлыг илүү түлхүү хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Хот суурин газруудад байгаа крантаар ус хэрэглэдэг бөгөөд энэ ус маш их байвантай байгаа. Үүнд шүүлтүүр тавих талаар дэмжлэг үзүүлмээр байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс илүүтэй хот суурин газрын малгүй байхаас гадна ажлын байргүй иргэд хамгийн их орхигдож байгааг анхаарна уу. Тэд гараад хийх ажилгүй, хашаа ч үгүй байна. Гашууны гол, Арсай, Улаантолгой зэрэг газарт хүнсний ногоо, жимс үйлдвэрлэгчид энэ жил усны хүртээмж муугаас болон хомсдлоос болж авах ашиг орлого нь хумигдаж, ургац их алдлаа. Энэ сургалт, зөвлөгөөнөөс ажиглахад энэ ажилгүй хүмүүс хамтраад хоршоо, бүлэг байгуулах боломж байна. Харин үүнийг нь эхлүүлээд өгөхөд төр захиргааны байгууллагаас дэмжээд өгөх хэрэгтэй. Жишээ нь цас, борооны усыг  хуримтлуулж сурахад л хүнсний ногооноос эхлээд газар тариалан эрхэлж амьжиргаагаа дээшлүүлнэ.  Ер нь аль ч газарт аливаа ажлыг эхлэх гэдэг нь чухал. Тиймээс орон нутгийн захиргаанаас дэмжээд нэг загвар бүлэг, хоршоо үүсгэхэд нь дэмжээд өгвөл манай увсчууд ажилсаг хүмүүс учраас дагаад хийж эхэлнэ. Тэгэхээр цаашдаа ийм үр дүнтэй ажил хийгдэж, олон түмэнд үлгэр дууриал болж харагдах байх гэж найдаж байна” хэмээн онцлов.
Энэхүү сургалт, зөвлөгөөнд оролцож байгаа УХХ-ны гишүүн, Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулгатай уулзаж ярилцлаа.

-Энэ удаагийн сургалтанд хамрагдаад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Энэ сургалт нэлээд үр дүнтэй цаг үеэ олсон сургалт боллоо гэж бодож байна. Манай сумын хувьд 4200 хүн амтай, 1029 өрхтэй, 550 мянган га газартай аймагтайй томоохон сумд тооцогддог. Өнөөдөр манай нутгийнханд ус тулгамдсан асуудал болоод байгаа. Манай сумын нутгаар гол гэхээр юм урсаж өнгөрдөггүй. Хархираа-Түргэний голын төгсгөлийн цэг нь учраас усны хүрэлцээ хангалтгүй байнгын усны асуудалтай байдаг. Газар тариалангийн болон алтны чиглэлтэй зэрэг нэлээд га газар бий. Хархираа-Түргэний эхэн, Тариалан сум, Улаангом зэрэг голын эхээрээ ус их хэрэглэснээс доороо буюу манай суманд усны хүрэлцээ муу байдгаас бидний хувьд газар тариалан эрхлэхэд усны бэрхшээл гарч байна.  Нөгөөтэйгүүр дулааралтай холбоотойгоор усны түвшин маш багасч байгаа. Ийм үед энэ сургалт, зөвлөгөөн болж байгаа нь маш цаг үеэ олсон ажил гэж үзэж байна.
Танай суманд төслийн хүрээнд ямар ажил хэрэгжиж байна вэ?
Манай сумын хувьд өнгөрсөн жил тус төслөөс хөрөнгө оруулалт хийж тодорхой ажлуудыг эхлүүлсэн байгаа. Ус хэрэглэгчдийн холбоогоо байгуулсан. Ард иргэддээ усны зүй зохистой хэрэглээ, хэрхэн усны хүртээмжээ нэмэгдүүлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж амжилттай хэрэгжиж эхэлж байна. Сумын төвд байгаа Наранбулагаа хамгаалалтанд авч, мод тарьж тохижуулсан нь үр дүнгээ өгч байна. Тээлийн боомтод Элдэв-Очир ахлагчтай нөхөрлөл үүсгэн байгуулж, дуслын усалгааны систем, хүлэмж, усны сав ёмкостой болгосон. Энд бол 7 өрх айлыг амьжиргааг тэтгэж өгч байгаа юм.

 

 

 

 

 

Тээлийн боомтоос доошоо усны хүрэлцээ муутай Улаантолгойд 60 тоннын хуурай худгийг “ССТ Таван од” ХХК саяхан ашиглалтанд оруулж иргэн Б.Тэрбишийн мэдэлд хүлээлгэж өглөө. Энэ бүхэн нь “Дасан зохицохуй” төслийн үр дүнд бий боллоо гэдгийг манай нутгийн иргэд ойлгож, талархаж байгаа. Цаашдаа иргэд, малчид, ус хэрэглэгчдэд зориулж энэ дулаарал, усны зүй зохистой ашиглалтын талаар сургалтанд хамруулах шаардлага чухал байна. Өнөөдөр манай суманд 100-гаад га газарт усны асуудлаас болоод тэнд олон өрх айл газар тариалан эрхэлж чадахгүй байгаа. Бид 2016 онд хөрөнгө оруулалтаар дэмжих ажлуудын саналаа хүргүүлсэн. Тухайлбал, сумын төвд шахмал түлшний цех болон Тээлийн боомын чиглэлд усыг доош урсгах 10 км-ийн урттай усны суваг байгуулах бололцоотой гэсэн 2 санал бий.
-Усны хүртээмж муу байгаагаас үүдэлтэй маргаан гарах болсон гэж сонслоо. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм шүү. Уснаас болж малчид хоорондоо маргалдах, зодолдох, бэлчээрээ булаацалдах ийм явдал сүүлийн үед гарч байна. Яагаад гэвэл сүүлийн 2-3 жилд манай сумын мал 200 мянган толгойд хүрч их өссөн. Уснаас болж ах дүүс хүртэл өвөлжөө бууцаа булаалдах ч тохиолдол гарах болсон. Тэгэхээр сургалт маш чухал байна, чанартай цөөн тооны мал аж ахуй эрхлэх шаардлага гарч байгаа. Усаа хэрхэн зүй зохистой ашиглах, хэрхэн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулснаар иргэд хамтарч, хоршиж усыг зүй зохистой хэрэглэх дадал эзэмшинэ.
Увс нуур – Тэсийн голын сав газрын Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Завхан аймгийн Тэс сумын иргэн Батбаяртай уулзсан юм.

-Та энэ зөвлөгөөнд анх удаагаа оролцож байгаа ч Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон хүний хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?
-Увс нуур - Тэсийн голын ай сав газрын захиргаанд олон сум багтаж байгаа нь энэ гол усаа хамгаалах нутгийн ард түмний том хүч байна. Мөн дэлхий ертөнц дээр уур амьсгалын их өөрчлөлт явагдаж дулаарч байгааг бид харж байна. Ердөө хоёрхон градусаар дулаарахад л ямар том эрсдэл үүссэн болохыг өнөөдрийн хичээлээс ойлгож авлаа. Мөнх цаст уулын мөс, цас 20-хон  жилд 55 хувь нь хайллаа гэж зураг дээр харагдлаа. Тэгэхээр 20 жилийн дараа юу болох вэ? Ийм учраас цаг агаарт гарч байгаа өөрчлөлтүүдийг хүн бүр мэдэрч байгаа болохоор энэ чиглэлээр дор бүрнээ санаа зовж, санаачилга гаргаж ажил зохион байгуулах хэрэгтэйг ойлголоо. Гэхдээ мэдээж иргэд үүнийг хийхэд бэрхшээл бий. Яаж хамтарч ажиллах, хүмүүст хэрхэн туслах талаар ерөнхий чиглэл, санаануудыг энэ зөвлөгөөнөөс тусгаж авлаа. Тиймээс маш олон чиглэлийн ажил хийж болох юм байна. Орон нутагтаа очоод нэгдүгээрт хүмүүст ойлголт, мэдээлэл өгөх, эн тэргүүнд сургуулийн сурагчидтай хамтарч ажиллах боломж байгаа. Сургууль дээр багш нарыг хамруулж хүүхдүүдэд мэдээлэл өгч болно. Төрд ажиллаж хүмүүс ус, байгаль орчны талаар ямархуу мэдээлэлтэй хандлагатай байгааг тандаж үзье, дараа нь хандлагыг нь өөрчлөх талаар сургалт, ярилцлага хийж, мэдээллээр туслах хэрэгтэй юм байна. Орон нутагт ус хэрэглэж байгаа олон байгууллага байдаг, тэдэнд мэдээлэл хүргэе, бас мянган малтай малчин гэхэд хэчнээн тонн ус хэрэглэж байгаа, тэр ус нь ямар үнэ цэнэтэй гэдгийг мэддэг, усаа ариг гамтай хэрэглэдэг дадал эзэмшүүлье. Ер нь усыг зүй зохистой хэрэглэх талаар олон түмэнд сурталчилж таниулах олон ажлыг зохион байгуулна гэж бодож байна. Бас ус хэрэглэгчдийн холбоог байгуулж ард иргэдийн оролцоотой аль болох бага зардлаар олон тооны ажил хийж болохыг тусгаж авлаа. Ингэснээр миний энэ зөвөлгөөнд оролцсоны зорилго бүтнэ. Манай Тэсийн гол 570 гаруй км урсдаг гайхамшигтай гол. Би эхэнд очиж үзсэн, мөн ОХУ-аар урсаж байгааг нь очиж харж байсан. Увс нуураа тэтгэж байгаа Тэсийн голоо хайрлан хамгаалах ажлыг бид цаг алдалгүй хийх хэрэгтэй болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрлээ.
-Таныг орон нутагтаа минжийг нутагшуулж, хамгаалах талаар чамгүй их санаачилга, идэвх гаргасан гэж сонслоо. Энэ тухай ярина уу?
-Минжийг хүмүүс өнгөцхөн харахад ой модыг унагаад ойг сүйтгээд байгаа мэт харагдах боловч харин ч хамгаалж байгаа юм. Аливаа амьтан амьдарч байгаа байгаль орчноо сүйтгэдэггүй. Минж нь хоол тэжээлээ бэлдэхээр хийсэн усны хаалт нь эргэн тойрныхоо хөрсөндөө нэвчиж ой модыг сэргээж, өвс ургамал ургах таатай боломжийг бий болгодог. Мөн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, байгаль, уур амьсгалыг маш гоё болгож өгдөг олон давуу талтай. Манай Баянтэс сумаас Нисэхийн шугуй гэдэг газар буюу Тэсийн гол хил гарах хүртэл  энэ зайнд минжний маш олон үүр байгаа. Бид үүнийг явж үздэг байсан. ОХУ-ын Киров хотоос ирсэн эрдэмтэн доктор Савельёв анх энэ минжийг Ховд аймгийн Булганаас Увс нуурын Тэсийн голын цутгал дээр нутагшуулж байсан юм билээ. Тэр цагаас хойш Тэсийн голд минжний маш олон бүл бий болсон. Бид энэ минжүүдийг хамгаалах талаар Киров хот руу захиа илгээж зөвлөгөө авсан. Бас МУИС-ийн С.Шар доктороос ч зөвлөгөө авч байлаа. Энэ бүхний хүчинд манай нутгийн минжнүүд өсч үржин олон болсоор байгаа. Минжийг усны инженер гэдэг. Энэ инженерүүдээс санаа аваад нутгийн иргэдийн оролцоотой нарийхан урсаж байгаа горхинд хаалт хийгээд хөв цөөрөм байгуулаад гадаргын усны нөөцтэй болох юм гэсэн санаа надад төрлөө. Харин үүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг болгож төслөөс зайлшгүй гарах зардлыг нь авч болох юм гэж бодлоо. Хөв цөөрөм байгуулсан газартаа мод тарихаас эхлээд газар тариалан эрхэлж өрхийн амжиргааг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ