Ц.Цогзолмаа: Хөдөлмөрийн зах зээлд нийцүүлж мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-01-26 16:20:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 97 их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид гээд 800 гаруй төлөөлөгчид оролцож буй “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр эхлээд байна. Энэхүү зөвлөгөө нь 10 жилийн дараа болж байгаагаараа онцлогтой бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа үг хэлж, илтгэл тавьсан. Энэ үеэр түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Та  “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” үндэсний зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Нэг талаасаа манай улсад дээд боловсролын бодлого нь нийгмийг чиглүүлж авч явах сэхээтнүүдийг бэлтгэж байгаа ч нөгөө талдаа тэд хөдөлмөрийн зах зээлийг ажлын байраар хангаж чадахгүй байна. Дээд сургууль төгссөн хүмүүсийн 35 хүртэлх хувь нь л ажилтай болж байна. Үлдсэн нь дөрвөн жил өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж, дээд боловсролтой болсныхоо үр ашгийг гаргаж чаддаггүй. Энэ нь шууд дээд боловсролын чанар муу байгаатай холбоотой.
Гэтэл өнөөдөр 36 мянган ажлын байр эзнээ хүлээж байна. Гэтэл нөгөө талд мэргэжилтэй атлаа ажилгүй хүн олон байх жишээтэй. Энэ хоёр яагаад авцалдахгүй байна гэхээр ажил олгогчдын мэргэжлийн шаардлага, технологийн болон харилцааны өндөр чадвартай байх, орчин цагийн шаардлагыг хангах хөрвөх чадварыг хангаж чадахгүйд байгаа юм.
Бас нэг сонирхолтой судалгаа бий. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн 15.9 хувь нь бармен, зөөгч, үсчин, гоо сайханч хийж байна. Ийм ажил хийх гэж тэд дээд боловсрол эзэмшээгүй. Үүний цаад агуулга нь юуг хөндөж байна гэхээр дэлхийн нийтийн дээд боловсролын чиг хандлага ямар байна гэдэгт Монгол Улсын боловсролын тогтолцоо очих ёстой. Шууд хэлэхэд, зах зээлийнхээ хөдөлмөрийн эрэлт, хэрэгцээнд нийлүүлж мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, хамгийн өндөр хэрэгцээтэй байгаа барилгын инженер зэрэг нь бэлтгэгдэхгүй маш олон хуульч, нийгмийн ажилтан, хүмүүнлэгийн салбарынхан байна. Тэр дундаа бизнесийн удирдлага гэдэг мэргэжлээр бараг 60 хувь нь бэлтгэгдсэн байх юм. Гэтэл тэдний 10 хувь нь л ажлын байрьтай болж чадна. Тийм болохоор зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлж мэргэжилтэн бэлтгэхэд  өнөөдөр бодлогын шинэчлэл хэрэгтэй.

-Ерөөсөө л энэ бүхний гол шалтгаан нь чанаргүй олон их, дээд сургууль юм биш үү. Тоонд биш чанарт анхаарвал арай өөр үр дүн гарна шүү дээ?
-Яг зөв. Энэ шалтаг, шаардлага дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа явдал юм. Учир нь, Монгол Улс 3 сая хүн амтай. Тэдний 1 сая орчим нь 0-16 насныхан. Гэтэл дээд боловсрол эзэмшиж байгаа байдлыг нь харахаар ийм цөөхөн хүн амтай улсад 97 их, дээд сургууль байгаа нь чанарын агуулгыг шууд харуулж буй хэрэг. Тэгвэл дэлхийн улс, орнууд чиглэл, чиглэлээр нь сургаж байна. Ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүд нь өрсөлдөх чадвартай ажилтныг шалгаруулж авдаг. Бид энэ чиглэлд дөхөх, ойртох асуудлаар тэр их, дээд сургуулийн магадлан итгэмжлэл, сургалтын хөтөлбөрт тавьж байгаа зэрэг бүх шалгуурыг нь шинжлэх ухааны үндэстэй авч үзнэ.

-Зөвлөмж гаргах уу?
-Тэгнэ. Гарсан зөвлөмжөө шууд энэ оны төлөвлөгөөнд оруулж, хөрөнгө хуваарилж ажиллана. Ингэж байж бид жаахан ч гэсэн ахиц гаргана.

-Их, дээд сургуулийг хотоос нүүлгэх асуудлыг яриад удаж байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид агаарын бохирдол гэж 10 жил ярьлаа. Тэгвэл их, дээд сургуулийг хотоос яг одоо нүүлгэх юм уу, яах юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоог нь хийнэ. Хувийн авто машинтай 15 мянган оюутан байдаг юм байна. 155 мянган оюутны 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Хэрэв хотхоноо барьж асуудлаа шийдэж чадах юм бол Улаанбаатар хотоос 155 мянган хүний суурьшил шийдэгдэнэ. Тиймээс юуг шийдэж чадвал ямар асуудал давхар шийдэгдэх вэ гэдгээ дэс дараалалтай ярьж байна. 

-Багш нарын ёс зүйн тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Өнөөдөр их, дээд сургуулийн багш нар ямар цалин авч байгаа билээ. Сургалтынхаа төлбөрөөр багш нарынхаа цалинг л тавьж байна. Бид багш нараа өмөөрч байгаа юм биш. Багш нартаа ар гэрийнхээ амьдралыг аваад явчих хэмжээнд цалин өгч чадахгүй байна. Гэхдээ үүний цаана чанарын асуудал шууд хөндөгдөнө. Хоёр сая төгрөгийн төлбөртэй дээд сургууль байгаад л байх юм бол хүмүүс элсээд л байна. Тэгсэн хэрнээ 20 сая төгрөгийн төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ. Энэ бүхнийг цэгцлэх ёстой.

-Танай яамны Төрийн нарийн бичгийн дарга таныг АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд та хариулт өгнө үү?
-Намайг АТГ-аас шалгаагүй. Би Монголын төрд 25 жил ажилласан. Өнөөдөр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Зөрчих шаардлага ч байхгүй. Ер нь их бугшчихсан, бугширмал болчихсон хүнд хариуцлага тооцно гэдгээ эхнээсээ хэлж байна. Хариуцлага тооцоод ирэхээр намайг тамгагүй төр ч гэх шиг, АТГ-т гурван удаа тайлбар өгсөн ч гэж байна. Би АТГ-т нэг ч удаа очоогүй. Төрийн тамгыг сайд хадгаа барьж хүлээж авчихаад Төрийн нарийн бичгийн даргадаа өгөөд явдаг гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ