Их говийн тэмээний баяр болно

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:37:04

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулахыг гол зорилгоо болгосоор ирсэн “Их говийн тэмээний баяр” энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болно.

Уг баярыг Алтай нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ийн тэргүүн Ц.Дашдорж санаачлан 10 дахь жилдээ зохион байгуулах ажээ.

Баярын хүндэтгэлийн жагсаалд сум бүрээс ирсэн тэмээчид жин тээх уламжлалыг үзүүлж, үндэсний хувцас хэрэглэл өмсөж тэмээдээ унан, тэмээний уламжлалт соёлыг харуулсан олон үзүүлбэр хэв маягийг наадамчдад үзүүлнэ.

Мөн тэмээний сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, тэмээний ноосон бүтээгдэхүүн эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн  гаргах ажээ. Энэ баяраар шилдэг буур, ингэ, сүүн болон ноосон бүтээгдэхүүн, уралдаан, тэмээний ганган хэрэглэл, тэмээ, тэмээчид, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаал шалгаруулж урлагийн баяр болгохоор ажлаа зохион байгуулж байна.

                                                                                   Говь-Алтай аймг Ш.Цоодол
 

 

 

Холбоотой мэдээ