Төр нийгмийн зүтгэлтэн Н.Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-06 15:40:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын их жанжин  Д.Сүхбаатарын гэргий төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг Н.Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойд зориулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ноос Тусгаар тогтнолын ордонд "Мөнхөд дурсагдах гавьяатан" нэртэй үзэсгэлэнг гаргав. Үзэсгэлэнг зохион байгуулагчид, "Н.Янжмаа нь XX зууны эхэн үеийн  эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан, эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдгийн  үлгэр жишээг бид түүнээс авах учиртай"  хэмээв. Н.Янжмаа агсны үйл хэрэг, амьдралын замналыг харуулсан тус үзэсгэлэнгийн нээлтэнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Д.Сүхбаатар, Н.Янжмаа агсны төрөл төрөгсөд болох Д.Сүхжаргалмаа, Ц.Хүрэлсүх, Д.Сүхбаатарыг судлаач О.Баатар нар оролцов.

Н.Янжмаа 1893 оны хоёрдугаар сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Тэрбээр 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явжээ. УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.
Д.Сарантуяа
Холбоотой мэдээ