Пауэрлифтингийн ДАШТ-ээс Б.Чимэдцэрэн хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-23 13:28:14

Өнөөдөр БТСХТ-д Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал хийж, монгол тамирчин Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий анхны хүрэл медалийн эзэн болов.

Энэ сарын 8-14-нд Люксембург улсад болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ болж 60 орны 400-гаад тамирчин хүч чадлаа сорилоо. Манай улсаас 66, 74, 83, 105, 120 кг гэсэн 5 жингийн ангилалд 8 тамирчин өрсөлдлөө. -120 кг-д оролцсон Б.Чимэдцэрэн 317,5 кг шахаж ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн манай тамирчдын анхны медаль болж байна. Өмнө нь манай улсаас өсвөрийн ДАШТ-ээс Баярбаатар алт, Орхонтуул, Дүвжир тус тус хүрэл медаль, мастер ангиллаас Б.Батцэнгэл, Сүх-Очир, Энхбат нар медаль хүртсэн байдаг.

МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгаас 2018 онд Монгол Улсад пауэрлифтингийн ДАШТ-ийг зохион байгуулах болсон талаар тодрууллаа.
Тэрбээр, “Энэ тэмцээний үеэр болсон Олон улсын пауэрлифтингийн холбооны хурлаар 2018 онд ДАШТ-ийг зохион явуулах улсаар ӨАБНУ-тай өрсөлдөж Монгол Улсад 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулах эрхийг бид авч чадлаа. Ази тивд ДАШТ-ийг манайхаас өмнө Энэтхэг улс л зохион байгуулсан юм билээ. Пауэрлифтингийн спортын хувьд паралимпийн төрлөөр “ Рио 2016” паралимпийн наадамд оролцох бөгөөд манай улсын тамирчид хүчээ сорих юм. Мөн 2017 оны Дэлхийн тоглолтод хүчээ сорих эрхээ авсан. Сая болсон ДАШТ-ий үеэр ОУОХ-ноос төлөөлөгчид ирж энэ спортын хөгжлийн явц, өнөөгийн байдлын талаар танилцсан. ОУПХ /IPF/-нд 156 орон гишүүнээр элсээд байгаа. Манай спорт нь Олон улсын допингийн холбоо /WADA/-той нягт хамтран ажилладаг. Энэ жил манайх улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авсан “ хэмээн ярьж байв.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ