Москвагаас хөөрсөн зорчигч тээврийн онгоц осолдож 71 хүн амь үрэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-12 12:50:51
Москва /МОНЦАМЭ/.  Энэ сарын 11-ний өдөр ОХУ-ын орон нутгийн зорчигч тээврийн АН-148 онгоц Москва хотын Домодедово нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруйдаа осолдож, онгоцны бүх зорчигч болон багийн гишүүд нийт 71 хүн амь үрэгдэв.
 
Тодруулбал Москва- Орск чиглэлд нислэг үйлдэхээр орон нутгийн цагаар 14:21-т хөөрсөн “Саратовскийе авиалиний” компаний онгоц 4 минутын дараа хяналтын самбараас алга болжээ. Осол болсноос цаг орчмын дараа Онцгой байдлын албаны аврагчид АН-148 онгоцыг Москва мужийн Степановская тосгоны ойролцоо унаж осолдсон байхыг илрүүлсэн байна.Онгоцонд 65 зорчигч түүний дотор гурван хүүхэд, гурван гадаад иргэн болон нисэх багийн 6 гишүүн явсан аж.
 
Одоогоор ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд, цаг агаарын таагүй байдал, нисгэгчдийн алдаанаас болж онгоц осолдсон байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна. Осолдсон онгоц 2010 онд ОХУ-ын Воронеж хотод үйлдвэрлэгдсэн бөгөөд ямар нэгэн техникийн сааталгүй, харин нисгэгч нь 6 мянга гаруй цагийн нислэг үйлдсэн туршлагатай нэгэн байсан ажээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 12-ны өдөр Сочи хотод ажиллах ёстой байснаа хойшлууллаа.  Тэрбээр осолдсон хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд ОХУ-ын Тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ослын шалтгааныг шуурхай тогтоохыг үүрэг болгов.
 
Москва мужид цаг агаар таагүй, цас их орж байгаатай холбогдуулан 600 гаруй аврагч ослын газар дээр ажиллаж байна.
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ