Элчин сайд Ц.Жамбалдорж Албани улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-02-13 13:59:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Илир Метад Итгэмжлэх жуух бичгээ барив.

 Ерөнхийлөгч Илир Мета Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, санал солилцов.
Мөн үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Тэрээр хоёр орны улс төрийн харилцааг идэвхжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө идэвхи, санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Монгол, Албанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг  2019 онд  бодит үр дүн гарахуйцаар тэмдэглэхийг санал болгов.

Ерөнхийлөгч Илир Мета Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг уламжлахыг хүсч, цаашид хоёр орны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Албани улсын төр, засгийн  байгууллагууд бүхий л талаар дэмжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Европын анхны орны хувьд цаашид хоёр орны хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, давхар татвараас зайлсхийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж итгэмжлэх жуух бичгээ барихад  тус улсын Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар, Ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Валтер Ибрахими, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын дарга Дастид Кореши нар байлцав.

Үүний дараа Элчин сайд Ц.Жамбалдорж  Албани улсын Парламентын дарга Грамоз Ручи, Гадаад харилцааны дэд сайд Этхэн Жафар нартай тус тус уулзаж хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ