Сант сумаас аймгийн сайн малчин дөрөв төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-13 19:34:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/56 дугаар захирамжаар энэ жил “Аймгийн аварга малчин” 70 төрсний дөрөв нь Сант сумын малчид юм. Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Л.Хатанбаатар, “Баянтээг” ОНӨХК-ийн захирал О.Сумъяасүрэн тэргүүтэй албаны хүмүүс аваргуудын шагналыг гал голомт, халуун хошуут малынх нь дэргэд гардуулан өглөө.
Бидний очсон эхний айл Сант сумын Майхан багийн малчин Д.Пүрэв-Очирынх байв. “Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өвөлжөөд нутагтаа буцаж ирэн арваад хонож байна. Сайхан-Овоод цас орж, мал холхиод байхаар нь дулаан хэвтрийг чухалчлаад хашаа хороогоо бараадахаар наашаа яарч ирлээ” хэмээн хуучлах өрхийн эзэн 1992 онд 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч улмаар 2001 онд өрх тусгаарлан өөрийн гэсэн мал сүрэгтэй болсноос хойш өнөөг хүртэл буянт малынхаа ашиг шимийг хүртэж яваа нэгэн аж. Тэрбээр 2010 онд “Сумын сайн малчин”-аар шалгарч, 2012 онд МЗХ-ны “Тэргүүний малчин залуу”, 2015 онд “Сумын мянгат малчин” гэх шагнал, урамшууллыг авч байжээ. Тэднийх 2017 оны эцсээр 1494 толгой мал тоолуулсан байна.
Тус сумын Цахиурт багийн малчин Н.Батлутынх сумаасаа баруун урагш 20-иод км-т “Мухар” хэмээх нөмөр, нөөлөгтэй газар өвөлжиж байлаа. Төрж өссөн нутагтаа 25 жил мал маллаж, өдгөө 1250 тоо толгойд хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн үйлсэд хүчин зүтгэж, аливаад идэвх санаачилгатай ханддаг хэмээн сумын удирдлагууд нь түүнийг үнэлж байв. Тодруулбал 2015 оноос туслах малчинг дагалдуулж, сарын 250-500 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллаж байгаа ба сумын баяр наадмуудад тогтмол хандив тусламж үзүүлсээр ирснийг онцлон дурдлаа. “Улсын хошой аварга малчин Ч.Дашдорж, Улсын аварга малчин Ц.Өлзийбат зэрэг хашир туршлагатай малчдынхаа зааж сургаснаар малыг байнга бэлчээрлүүлэх, бага малыг салхинд өлчиржүүлэх, хүйтэнд гүйлгэхгүй, хорих зэрэг  арга барилаар мал маллаж энэ сайхан алдар цолонд хүрлээ” гэж аймгийн аварга малчин талархлаа илэрхийлэв. Мөн “Хол газар отор нүүдэл хийлгүй, дасч сурсан газраа өвөлжсөн нь зарим талаараа онож байна. Энэ жил их хүйтэн, өвс муутай ч мал цагаан туранхай болохоор хорогдол гайгүй. Мал сүргээ онд мэнд оруулж, төлөө бүрэн бүтэн авч шинэ ногоо идүүлчихээд сууж байх л малчин бидний жаргал даа” гэх сэтгэлийн үгээрээ сэтгүүлч бидний сонорыг мялаалаа.

“Аймгийн аварга малчин” болсон Н.Цэрэнчомбынд шагналыг гардуулахаар очиход хэдийн түнэр харанхуй нөмөрсөн байв. Сумынхаа гурван багийн зааг нутагт оторлож яваа тэдний хот айлыг олохын тулд багагүй төөрсөн. Малчид отроор байнга нүүдэллэж, нутаг сэлгэж яваа учраас олоход хэцүү болоод байгааг багийн Засаг дарга нь хэлж байлаа. Цариг багийн малчин Н.Цэрэнчомбо мал аж ахуйн салбарт 1992 оноос хойш тасралтгүй 25 жил зүтгэж яваагийнхаа үр шимийг ийнхүү үнэлүүлж байгаа ба өмнө нь 2013 онд “Сумын сайн малчин” болж байжээ. 2017 оны эцсээр 1251 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 181 малаар өссөн дүнтэй байна. Тэрээр 2009-2010 оны зуднаар Булган аймгийн Дашинчилэн суманд оторлож малаа онд мэнд оруулж чадсан цөөн малчдын нэг бөгөөд “Мал сүргээ өсгөж үржүүлэх, хайрлаж хамгаалахад цагийн хатуу хөтүү биш малчин эзний арчилгаа, маллагаа шууд хамааралтай” гэсэн бодолтой явдаг ажээ.
Сант сумаас төрсөн аварга малчдын нэг нь “Улаан-Овоо” багийн малчин З.Жамбалынх юм. Малч удам, ажилсаг хөдөлмөрч байдлаараа нутаг усандаа нэр хүндтэй энэ айл гурван охин, нэг хүүтэй, ам бүл зургуул бөгөөд ганц хүүгээ бичиг үсгийн мэдлэгтэй болгоод мал дээр гаргасан нь буруудаагүй гэдгийг ахуй амьдралаараа баталж байв. Учир нь тэдний мал маллах арга барил нь ихээхэн хөдөлмөр шаардсан ажил болдгийг сумын удирдлагууд хэллээ. Улсын аварга малчин Г.Цээтуяагийн туршлагаар мал ногоолох цагаас эхлэн өвөлжөөнд буутал хонин сүргээ хотлуулалгүй хээр байлгадаг нь бүрэн гүйцэд тарга тэвээрэг авахуулахын зэрэгцээ зун, намрын цагт бэлчээр талхлахгүй сайн талтай гэж үздэг байна. Мөн малын усалгаанд онцгой анхаардаг ба мал усыг голохгүй, худган дээр удахгүй, бэлчээрт эрт гарах, ус бохирдохгүй байхаар зохицуулан өөрийн хөрөнгөөр гүн өрмийн болон гар худгийг стандартын дагуу засварласан байна. Түүнчлэн өвлийн улиралд малыг услахдаа худгаа тойруулан май тавьдаг нь утаа үнэрлэсэн малын бээрээ гарч, ус сайн уудаг гэнэ. З.Жамбалынх хонио 2 дугаар сарын дунд үеэс 3 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд төллүүлдэг, өвөл гарсан төл чийрэг, өсгөлүүн биетэй болдог гэж байлаа. Мал сүргийнхээ таваарлаг чанарт анхаарч, хонио Баянгол омгийн хуц, ямаагаа “Тээлийн улаан”, “Баяндэлгэрийн улаан”-аар сэлбэжээ.
Гэргий В.Цэрэндулам нь цагаан идээг төрөл бүрийн аргаар боловсруулж, ааруулаараа “Сумын брэнд бүтээгдэхүүн”, айргаараа “Аймгийн Брэнд бүтээгдэхүүн”-ий шагналыг авсан байна. Сар шинийн баярын үеэр тавгийн бүрэн засалттай идээг хот, аймгийн хэмжээнд худалдан борлуулдаг, мөн авсан төлийнхөө 60-аас доошгүй хувьтай тэнцэх малыг зах зээлд борлуулан бэлчээрийн даацад тохирсон малтай байхыг эрхэмлэдэг зэрэг онцлог тал их байв. Энэ гэр бүл 2006, 2013 онд “Сумын сайн малчин”-аар шалгарч байжээ.
Сант сумаас төрсөн аймгийн аварга малчдын тухай өгүүлэхэд ийм ажгуу. Энэ жил аймгийн аварга малчдад аймгаас үнийн дүнгээр 400 гаруй мянган төгрөгийн шагнал олгож байна. Мал маллах нь эхнэр, нөхрийн хамтын зүтгэл хэмээн үзэж, хоёуланд нь Батламж, энгэрийн тэмдэг гардуулан мөнгөн бүслүүртэй агар хувин бэлэглэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ