Малчин суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-21 11:30:13
 Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын дөрвөн багийн малчид 2017 оны жил эцсээр 161,8 мянган мал тоолуулж, мал сүргээ таван төрөлдөө өсгөсөн байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсан тул ургамлын гарц муу, дээрээс нь энэ өвөл цас их унасан тул малчид 12 дугаар сарын 1 гэхэд малаа тэжээвэрт оруулсан байна.

Урд жилүүдэд малчид 1-р сарын 20 гэж малаа тэжээвэрт оруулдаг байсан бол энэ жил ийнхүү 50 хоногийн өмнө мал тэжээвэрт орсон байна. Ингэснээр малчдын бэлтгэсэн өвс тэжээл хомсджээ. Сумын ЗДТГ-т 40 тн өвс хуримтлуулсан байснаа 12 дугаар сарын 20 гэхэд малчиддаа тараасан байна. Мөн аймгаас 60 тн өвс хүлээн авч 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад худалджээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн Газраас тусламжийн өвс тэжээл хуваарилагдсаныг малчдад хүргэж эхлээд байна. “Тусламжийн өвс, тэжээлийг хоёр багийн малчдад хүргээд байна. Сумын хэмжээнд ганц машинаар тусламжийн өвс тэжээлийг малчдад хүргэж байгаа болохоор ажил удаашралтай байгаа. Энэ сардаа багтаад үлдсэн хоёр багтаа тусламжийн өвс, тэжээл хүргэнэ” хэмээн тус сумын Засаг дарга Б.Сайжрах мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ