Гал түймрийн аюулаас 173 хүний амь насыг авран хамгаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-24 15:50:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гал түймрийн улмаас 14 хүн нас барж 12 хүн түлэгдэж гэмтэн 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17.0  хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 68.3 хувиар өссөн байна.
 
Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарсан бол орон нутагт 252 удаагийн гал түймэр гарчээ. Энэ хугацаанд онцгой байдлын байгууллагаас гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй зөрчил дутагдлуудыг илрүүлэн, шаардлагатай албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсний зэрэгцээ холбогдох албан тушаалтан, иргэдийг 33.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 279 удаа, дадлагыг 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан аж.
Б.Туул
Холбоотой мэдээ