Шүлхий өвчнөөс сэргийлэх 2 түр постыг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-26 16:27:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 6-р хуралдаан болж төвийн бүсийн хөрш зэргэлдээ Булган, Орхон аймгуудын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол гарч, хүрээгээ тэлж байгаа тул шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 24 цагийн хоёр түр постыг ажиллуулахаар боллоо. Хөвсгөл, Булган аймгийн хилийн зааг Тариалан сумын Намнангийн ард 8 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Сэлэнгийн гүүрэн дээр хяналтын түр постуудыг 24 цагийн туршид ажиллуулж өвчний голомттой газраас ирсэн техник хэрэгслийг ариутган, мал болон махан бүтээгдэхүүнийг орон нутагт оруулахгүй байхаар шийдвэрлэв. Өнөөдрийн байдлаар тус аймгийн нутагт голомт бүхий газруудаас 3 суманд 13 адуу орж ирсэн бөгөөд зохих хяналт шинжилгээг хийсэн байна. Мөн Гуртын гүүрээр зөвшөөрөлгүй тээвэрлэж ирсэн адууг буцааж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ