АТГ онлайнаар хэлэлцүүлэг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-28 15:31:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас орон нутаг дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг аймаг тус бүрт онлайнаар хэлэлцүүлж байна.
Тус газрын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 94 суманд ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган тусалж, авлигын нөхцөл байдлыг тодорхойлсон энэ дүнгээ онлайн хэлбэрээр хэлэлцүүлж байгаа. Одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говьсүмбэр аймгийн удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулаад байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдлыг танилцуулах онлайн хуралд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцсонгүй. Харин Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар Улаанбаатар хотод албан ажилтай яваа тул оролцоогүй байна. Орон нутагт нь үүсээд байгаа авлигын нөхцөл байдлын талаар хэлэлцэх онлайн хуралд идэвхтэй оролцож авлигатай тэмцэх хүсэл зориг, удирдлагын манлайлал гаргахыг Авлигатай тэмцэх газраас аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүсч байна. Хэлэлцүүлгээс Зөвлөмж гаргаж аймгуудад хүргүүлэх бөгөөд Авлигатай тэмцэх газар 2018 оны 9-11 дүгээр сард орон нутагт ажиллаж, хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцана.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ