Ц.Мөнхнасан: Архангай аймаг орон нутгийн хөгжлийн индексээр 13-т явж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-01 15:11:59
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн сэтгүүлчид аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил, арга хэмжээ, хэрэгжилтийн явц, 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлуудынх нь талаар болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-МҮОНР-ийн Архангай аймаг дахь сурвалжлагч С.Бараанасан: Архангай аймагт баригдах дулааны цахилгаан станцын асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
-БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Архангай аймаг дулааны станцтай болох гэж байгаа. БНСУ-ын тал болон салбарын яамны хамтарсан ажлын хэсэг сая ирээд, энэ чиглэлээр судалгаа хийж, ажиллаад явлаа. Нийтдээ 17 дамжуулах станц байхаар төлөвлөгөө гараад байна. Техник эдийн засгийн үндэслэлийг 6 дугаар сар гэхэд боловсруулж дуусна. 2020 оны эхний хагаст дулааны станцтай болно гэж төлөвлөж байна.

-Архангай аймаг мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрчихлээ. Малын чанар чансааг дээшлүүлэх талаар аймгаас ямар бодлого барьж байгаа вэ?
-Архангай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлдэг гурван аймгийн нэг. Энэ нь нэг талаар сайн ч гэсэн нөгөө талаар бэлчээрийн даац хэтрэх, мал тарга тэвээрэг муу авах зэрэг сөрөг талтай. Бид тооноос илүү чанарт шилжүүлэх зорилго тавьж байгаа.
АНУ-ын махны тоног төхөөрөмж нийлүүлдэг томоохон компанитай хамтран Архангай аймагт махны үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үнэлгээг хамтарч хийхээр болж, санамж бичигтээ гарын үсэг зураад явсан.
Бид нэгдүгээрт мал махаа гадаад зах зээлд гаргаж борлуулах боломжийг нээж өгч жилд 400-500 тонн мах нядлаад гадагш нь гаргадаг үйлдвэр барих, хоёрдугаарт малчдаа мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар зорьж ажиллаж байна. Гурван сумын дунд буюу бүсчилсэн байдлаар малчдын зөвлөлгөөнийг хийнэ. Энэ зөвлөлгөөнөөрөө малаа чанаржуулахын ач холбогдол, эдийн засгийн тооцоо, эрсдлийг тооцох зэрэг чухал асуудлыг ярина.

Архангай аймгийн малын чанарын асуудлыг өөрчлөх цаг болсныг олж хараад 2017 онд цөм сүргийн үржлийн төвийг байгуулсан. Тамир үүлдрийн хэсэг, Хотонт үржлийн хэсэг, Тэрхийн бор сарлаг гэх мэт үүлдэр байгаа гэж ярьж байгаа ч газар дээр нь очоод үзэхэд урьдынх шигээ чанартай, ашиг шимтэй биш байна. Тиймээс 2018 онд эхний ээлжинд энэ гурван үүлдэр дээрээ үржлийн нэгжийг байгуулах хөрөнгө оруулалтыг шийднэ. Ингэж малын тоонд биш чанарт анхаарах ажлыг эхлүүлнэ.

-“Архангайн амьдрал” сонины сэтгүүлч Ц.Өнөрцэцэг: Нэгэнт цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа учраас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Архангай аймгийн өвөлжилт хүндэрсэн. Өнгөрсөн зун гандуу байснаас хадлан бага авсан. Тэр энэ гэж онцлохгүйгээр бүх суманд өвөлжилт хүндэрсэн. 13 сум зудтай, бусад нь цагаанаар зудархуу гэсэн дүгнэлттэй байна. Өнгөрсөн 2016 онд 300 тонн өвс бэлдсэн бол 2017 онд 500 орчим тонн өвс бэлтгэсэн. Зөвхөн аймгийнхаа нөөцөд л гэхэд 100 тонн өвс бэлтгэж, малчиддаа хямдралтай үнээр тараасан. Дорнод аймгаас 300 тонн өвс татсан бөгөөд энэ өвсөө сумдаа бүсчилж өвсний фонд бүрдүүлсэн, цас их орсны дараа хэрэг боллоо. Засгийн газраас 480 тонн өвсийг үнэгүй, 450 тонн тэжээлийг хямдралтай үнээр шийдэж өгснийг малчдадаа тараасан. Хөнгөлөлттэй үнээр зарсан өвсний мөнгөөрөө ахин өвс татан авч хавар малчдадаа өгөхөөр ажиллаж байна. Хөдөө аж ахуйн яамнаас хоёр компанитай тэжээлийн  гэрээ хийсэн. Тиймээс тэжээлийн хувьд хангалттай байгаа. Өвсний асуудал дээр бид анхаарч ажиллаж байна.

-АВ телевизийн сэтгүүлч М.Бямбацогзол: Цэнхэр сумын Орхон багт явагдаж байгаа алт олборлолтод ямар арга хэмжээ авч ажилласан бэ? Цаашдаа ямар бодлого барьж ажиллах вэ?
-Орхоны алтан дээр өнөөдрийн байдлаар таван компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2017 онд компаниудад нэлээн шаардлага тавьж ажилласан. Хэрвээ Орхон гол улаанаараа эргэсэн тохиолдол гарвал бид лицензийг чинь цуцлуулах хэмжээнд хатуу хариуцлага ярина гэдгээ ч хэлсэн. 2017 оны 5-р сараас 10-р сар хүртэл байнгын пост гаргаж ажилласан. Тэрний хүчинд энэ жил Орхон гол руу бохирдол оруулалгүйгээр олборлолт явуулсан. Бидний хувьд нөхөн сэргээлтийг нь яаралтай хийлгэж, нөхөн сэргээсэн талбайг орон нутагтаа хүлээж авч талбайг нь хумих бодлого барьж ажиллаж байна. Компаниудад нөхөн сэргээлтийнх нь асуудал дээр шахалт үзүүлж байгаа.
Бичил уурхай эрхлэгчдийн талаарх хоёр сургалтанд суусан. Бичил уурхай эрхлэгчдийг дэмжих, орон нутагт нь газар шийдэж өгөх асуудал яригдаад хэд хэдэн аймагт хэрэгжиж байгаа юм байна. Гэвч бид үүнийг Архангайд хэрэгжүүлэхгүй гэдгээ хэлсэн.

-“Архангайн толь” сонины сэтгүүлч Х.Цэвэгмэд: Орхонд алт олборлож байгаа компаниуд нутаг оронд үлдэх бүтээн байгуулалтад ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлдэггүй юм билээ. Тухайн сумаас төрсөн улсын цолтой бөхийн наадам зэрэгт туслалцаа үзүүлэх жишээтэй. Багийн иргэд, малчид ундны усгүй, буух газаргүй болтлоо хохирсоор өдийг хүрч байна. Суманд, багт үлдэх бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг авах тал дээр та юу хийх вэ?
-Олборлолт явуулж байгаа компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байгаа, ард иргэдэд юу үлдэж байгаа нь бүрхэг. Тиймээс нийгмийн хариуцлагын түвшинд ард иргэдийн амьдралд нөлөөлсөн зүйл хийгээч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. Эдгээр компаниудын дэмжлэгийг авч хүнд хүрсэн юу хийж болох вэ гэдгийг судалж холбогдох хэлтэст нь үүрэг болгож байгаа. Гэрээ хийгээд ямар нэг ажил хийхээр бол дэлгэрэнгүй мэдээлнэ.
Архангай хөгжлийн сан гэсэн сан байх хэрэгтэй гэж боддог. Засгийн газрын хуралдаан дээр ч энэ саналаа хэлсэн. Аймгуудын сангуудыг сангийн яаман дээр хаасан байгааг нээж өгөхийг хүссэн, яамны зүгээс ч дэмжинэ гэсэн. Хэрвээ ийм хөгжлийн сан байвал ямар нэг хандив тусламж, нийгмийн хариуцлагын хүрээн дэх хөрөнгө оруулалтыг энэ сандаа төвлөрүүлээд эргээд иргэддээ хэрэгтэй зүйл хийж болно. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл тусламж, оюутны хөнгөлөлттэй сургалтын төлбөр гэх мэт хөрөнгийг энэ сангаасаа шийдэх боломжтой гэж харж байгаа.

-“Монголын мэдээ” телевизийн Архангай аймаг дахь сэтгүүлч Ц.Анхманлай: Богийн арьс элдэх цехийг өнгөрсөн онд сумдад өгсөн. Үүний ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Бид 2016-2020 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг” болох суурийг тавьж, ажлыг эхлүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд хонины арьс элдэх бага оврын цехийг сумдад өгсөн. Үнэгүй болсон нэхийг элдээд боловсруулаад үнэд хүргэх зорилгоор л энэ цехийг сумдад өгсөн. Мөн эдгээр хүмүүсээ сургалтад хамруулсан. Энэ хавраас эхлээд үүний маань үр дүн гарах байх гэж бодож байгаа.

-“МОНЦАМЭ агентлаг”-ийн сэтгүүлч Б.Гэрэлт-Од: Та удирдаж буй баг, хамт олон, төрийн албан хаагчдад “ажилдаа хариуцлагатай байх зарчмыг баримталж ажиллана” гэдгээ хэлж, энэ ч зарчмаараа хоёр жил ажилласан байна. 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд хариуцлага, сахилга батын тал дээр ямар ахиц гарсан байна вэ?
-Бид сахилга хариуцлагын асуудлыг нэлээн ярьж байгаа. Энэ асуудал угтаа бидэнд ус агаар шиг хэрэгтэй болчихсон асуудал л даа. Сахилга хариуцлага гэдэг нь хүн ажилдаа хандах хандлагаас эхэлж байгаа. Шууд хүнд хүрч үйлчилж байгаа буюу төрийн албаны хамгийн анхны нэгж дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдаасаа энэ ажлыг эхлүүлж байна. 2016 оны эцэст ажил дүгнэхэд гурван сум орлогоо биелүүлээгүй хасах баланстай гарч байсан бол 2017 онд энэ байдал бүрэн арилсан.

-“Архангайн толь” сонины сэтгүүлч Х.Цэвэгмэд: Мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Мөрийн хөтөлбөрөө би хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлэхийн тулд аль болох цаг хугацаатай уралдаж, түрүүлж ажиллаж, алхаж байж амжилтад хүрнэ. Иймээс шахуу ажиллаж байна. Түрүүчээсээ үр дүнгүүд гарч байна. Өнгөрсөн хоёр жил үйлдвэрлэгч аймаг болох суурь үзүүлэлтүүд тавигдсан он жил байлаа. Энэ оноос түрүүчийн үйлдвэрлэлүүд бий болно. Махны дөрвөн том үйлдвэрийн нэг нь Архангайд байгуулагдахаар болж байгаа. Ямар ч байсан хичээл зүтгэл байгаа хойно үнэлж байх шиг байна. Мах, ноосны үйлдвэр байгуулснаар 500 орчим хүн ажилтай болно гэж тооцож байна. Цэвэрлэх байгууламжаа ирэх онд хүлээж авна. Мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжиж байгаа гэж өөртөө дүгнэж, урамтай байгаа.

-“Архангайн толь” сонины эрхлэгч Б.Баясгалан: Засаг даргын нэрэмжит зөвлөн туслах ажил сумдад явагдсан? Ямар үр дүн гарав?
-Хянах шалгах гэхээсээ илүү зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан нь тодорхой үр дүнд хүрсэн. Энэ жил удирдах албан тушаалтнуудын зөвлөлгөөнийг хийсэн. Энэ нь нэг баг болж, нэг зорилгын төлөө ажиллахад ойлголцлын зөрүүг арилгасан арга хэмжээ болсон.

-2017 онд хийсэн онцлох ажил юу байна вэ? 2018 оны гол зорилт?
-Бидний гол зорилго хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох. Үүний гол суурь нь хөдөө аж ахуйн салбар. Дараа нь аялал жуулчлал. Эдгээрийнхээ шийдлийг гаргасан он байлаа 2017 он. Түрээсийн дарамтыг үгүй болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг барихаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлсэн.

Аялал жуулчлалыг тодорхой түвшинд зангидах бодлого барьж ажиллана. Энэ хүрээндээ аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгууллаа. Түүхийн, байгалийн, тусгай гээд бүхий л аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Зочлох үйлчилгээнд ажиллах хүмүүсийг ч гэсэн Архангай аймгаасаа ажиллуулахад анхаарч, энэ төрлийн ажилтнуудыг бэлтгэхэд  анхаарна, бодлогоор дэмжинэ. МСҮТ-дээр тусгай сургалтуудыг зохион байгуулна.

Орон нутагтаа бүтээн байгуулалтыг хийнэ. Бөх билэгтийн цэцэрлэгийг хүүхэд залуучуудын парк болгоно. Тамир кино театрыг тохижуулахад 150 сая төгрөгийг шийдсэн. Үүнийгээ орон нутгийн өмчит компани байгуулж эзэнжүүлнэ. Ажлын байрыг бий болгосон энэ мэт олон ажлыг төлөвлөж байна. Архангай аймгийнхаа бүх өрхийн мэдээллийн санг бий болгох томоохон ажлыг хийнэ. Энэ судалгаан дээрээ тулгуурлаж иргэдээ ажилтай, орлоготой болгох ажлыг иргэнд нь хүргэж ажиллана.

-“Архангайн толь” сонины сэтгүүлч Х.Цэвэгмэд: Архангай аймаг өрсөлдөх чадвараараа  аймгуудаас сүүл мушгисан гэх судалгаа гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн. Энэ судалгааны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим судалгаа авч энийг хийсэн юм байна л даа. Архангай аймаг ядуурлаараа хойноосоо хоёрт байна гэж... Гэтэл авсан санал асуулганд нь ядуурлын тухай нэг ч асуулт байхгүй. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт нь 2015 оны тоо баримтаар явж байх жишээтэй. Яаж ч бодсон зам харилцаа холбогдчихсон, малаараа улсад тэргүүлдэг аймаг сүүлээсээ хоёрт байхгүй л дээ. Засгийн газраас Орон нутгийн хөгжлийн индекс гэсэн судалгааг 2018 онд хийнэ гэсэн. Өнгөрсөн оны энэ судалгаагаар Архангай аймаг Орон нутгийн хөгжлийн индексээр 13-т явж байгаа.

-“МОНЦАМЭ агентлаг”-ийн сэтгүүлч Б.Гэрэлт-Од: Хорго Тэрхийн аялал жуулчлалын цогцолбор барих тухай Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Хорго Тэрхийн аялал жуулчлалын цогцолбор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон явж байгаа. Олон хоногийн амралтын үеэр Хорго Тэрхийн орчмын ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотой хог, бохир гээд асуудал ч ихэсдэг. Ирж байгаа хүмүүсийн үзэж харах зүйлийг тодорхой болгох, мэдээлэлтэй болгох, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэх мэтээр анхаарна. Нэгдсэн нэг ойлголтод хүрэх уулзалтыг ойрын хугацаанд хийнэ.
Тамирын жавар, Буман зулын баяр гэсэн энэ арга хэмжээг өвлийн аялал жуулчлалын нэг арга хэмжээ болгож өргөжүүлэхээр зорьж байна. Үүнтэй уялдуулан мөсний шагайн харвааг ч дэлгэрүүлнэ, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн Өгий загасчлал гэсэн арга хэмжээг уламжлал болгон улам өргөжүүлэн зохион байгуулна.

-“Архангайн амьдрал” сонины сэтгүүлч Ц.Өнөрцэцэг: “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд юу худалдаалах вэ? Сав баглаа боодолтой, стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн бий болгоход хэрхэн анхаарч байгаа вэ?
-"Архангайд үйлдвэрлэв" худалдааны төвд бүтээгдэхүүнээ ч үйлдвэрлэдэг, борлуулдаг байхаар төлөвлөж байгаа. Дээд давхарт бага өртөгтэй цехүүдийг оруулна. Цагаан идээний сав баглаа боодлыг нэг тийш нь шийдэх тухай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярьж байгаа. Энэ жилээс ажил болоод явах байх.

-“Монголын мэдээ агентлаг”-ийн Архангай аймаг дахь сэтгүүлч Ц.Анхманлай: Боловсролын чиглэлд хэрэгжиж байгаа “Ирээдүй 1+1”, “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжсэнээр ямар ахиц гарч байгаа вэ?
-Боловсролын чиглэлд хоёр хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Өнгөрсөн онд 70 орчим сая төгрөгийг эдгээр хөтөлбөрүүдэд зарцуулаад байна. Ирээдүй 1+1 хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн спорт, урлагийн авьяасыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн онд хүүхдүүд маань олон улс болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилтаа ахиулсаар байгаа нь хөтөлбөртэй холбоотой гэж бодож байна. Гар бөмбөгийн өсвөрийн улсын аваргатай боллоо. Өсвөрийн бөхчүүд маань олон улсын, улсын, аймгийн тэмцээнүүдээс 70 гаруй медаль хүртсэн байна. Энэ мэт ахиц, амжилтыг хараад бид энэ онд 140 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

“Архангайн толь” сонины сэтгүүлч Б.Баясгалан: Эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц дэвшил юу байна вэ? Миний харж байгаагаар бол “Элэгний эмгэгүй Архангай” төсөл амжилттай хэрэгжиж байна?
-Энэхүү төслийг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилж, амжилттай зохион байгуулж байна. “Элэгний эмгэгүй Архангай 1” төслийн хүрээнд 40-65 насны иргэд хамрагдаж, элэгний С вирусын эмийг үнэ төлбөргүй өгсөн. Эм уусан иргэдийн дийлэнх хувь нь эдгэрсэн байгаа. “Элэгний эмгэггүй Архангай 2” төсөлд 16 наснаас дээш насны бүх иргэд хамрагдаад явж байна. 2017 он эрүүл мэндийн салбарт нилээд ололттой жил байлаа. Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд, малчдад хүргэх үүднээс 13 машиныг сумдад өглөө. Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгаа хийдэг боллоо. Эмч нараа гадаадад сургаад ирсэн. Өнөөдрийн байдлаар 40 гаран хагалгаа хийгээд байгаа. Энэ жилээс эмэгтэйчүүдийн хагалгааг дурангаар хийх зорилттой ажиллаж байна. Гемодиализийн аппараттай болж, тасаг нээн ажиллуулж байна. Манай аймагт бөөрний дутагдалтай нилээд олон хүн байдаг юм байна. Тэд маань Өвөрхангай, Дархан, Улаанбаатарт очиж аппаратандаа ордог. Зарим нь ойр ойрхон аппаратандаа орох шаардлагатай болохоор тэндээ байр хөлслөж хэрэгтэй болдог гээд эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд ч хэцүү байсныг бид шийдвэрлэж, аймагтаа ийнхүү аппараттай болсон. Цаашдаа эмч мэргэжилтнүүдээ сургах, хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой зорилтуудыг тавиад ажиллаж байна. Жишээ нь бид томографын аппараттай болох шаардлагатай байна.

-Архангайн толь сонины сэтгүүлч Х.Цэвэгмэд: Эрүүл мэндтэй холбоотой нэг асуулт асууя. Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажиллаж, тэдэнд туслаж дэмждэг талаар иргэд ам сайтай байсан. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгийн орыг шийдэж өгнө гэсэн байсан. Яг хэдийд шийдэгдэх бол?
-Хавар гэхэд энэ асуудлыг шийдчихнэ. 16 сая төгрөг шаардагдах юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргдэд нэг давуу тал байгаа юм билээ. “Жэрэс” хөтөлбөрийн хүрээнд холбоо байгуулчихсан. Холбоогоороо дамжуулан бусад байгууллагатай харьцахад хялбар. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд маань тусгай ортой л байхгүй бол үзүүлэхэд бэрх байдаг юм байна. Үүнээс шалтгаалж хүүхдэд нь янз бүрийн асуудал гарах магадлал өндөр. Энэ онд ч бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана.

-“Монголын мэдээ агентлаг”-ийн Архангай аймаг дахь сэтгүүлч Ц.Анхманлай: 57 мянган га талбайг тариалангийн бүс болгосон байгаа. Үүний үр дүнд юу хүлээж байна вэ?
-Бид газар тариалангийнхаа бүс нутгийг тогтоогоод аймгийн ИТХ-аар батлуулаад ХХААЯ-нд хүргүүлсэн.  Ийнхүү бүс болоод ирэхээр газар тариалангийнхаа хуулинд хамрагдаад явах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр малчин, тариаланч хоёрын хооронд гардаг маргаан зөрчил хуулийн хүрээнд шийдэгдээд явна. Нөгөө талаас бид эрүүл газраа газар тариалангийн бүс болгочихож байгаа юм биш. Өмнө нь атар газар болгож хэрэглэж байсан газар. Үүн дээр тулгуурлаж газар тариалан хөгжих бас нэг боломж гэж харсан. Тэжээлийн үйлдвэрүүдийн ажил жигдрээд явчихна. Махны үйлдвэрүүд баригдаад ирэхээр тэнд ирэх малыг тэжээх тэжээл хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл бие биендээ уусаад ажлын байр гараад явчих зүйлүүд юм л даа.

-МҮОНР-ийн Архангай аймаг дахь сурвалжлагч С.Бараанасан: Ярилцлагынхаа төгсгөлд та иргэддээ хандаж юу хэлэх вэ?
-Өнөөдрийн бидний хийж, хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа ажлын маань үр дүн иргэд та бүхэнтэйгээ хамтарч байж гарах юм. Багийн маань хэрэгжүүлэх гэж байгаа энэ бүх ажилд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, биднээс мэдээлэл авч хамтран ажиллаарай гэж уриалмаар байна. Ирж буй нохой жилдээ Архангайчууд та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөе.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ