Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-02 17:58:12
МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн лхагва гарагт Москва хотод болсон Монгол улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Монгол улсад цөмийн шинжлэх ухаан ба технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичигт Оросын төрийн өмчит "Росатом” корпорацийн болон Монгол улсын Засгийн газрын цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссын төлөөлөгчид гарын үсэг зуржээ.  

Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах болон Монгол улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах төслийг боловсруулахад уг санамж бичгийн гол зорилго чиглэгдэж байгаа аж.

Баримт бичигт заасны дагуу Оросын мэргэжилтнүүд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн байгууламжуудад тавигдах урьдчилсан шаардлагууд болон зураг төслийг тодорхойлоход Монголын талд дэмжлэг үзүүлэх аж. Түүнчлэн санамж бичигт Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зургийг боловсруулах аж. Мөн уг ажлыг зохион байгуулахад шаардлагатай мэргэжлийн шинжээчдийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна.
Э.Аянзаяа


Холбоотой мэдээ