Сэлэнгэ аймгийн зарим сумынхан ундандаа хөрсний ус хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:27:50

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас аймгийн ус хангамж ариутгах татуургын үйл ажиллагаанд хоёр үе шаттай бодлого барьж ажиллахаар төлөвлөсөн байна. Эхний үе буюу ойрын хугацаа нь 2015-2020 онуудад, хоёр дахь буюу дунд хугацааны үе шат нь 2020-2025 онууд байгаа юм.

Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 23.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 26.4 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 19.4 хувь нь ус түгээх байр, худгаас, 30.7 хувь нь булаг, шанд, гол горхины усыг хэрэглэж байгаа юм. Харин бохир усыг хүн амын 14.7 хувь нь төвлөрсөн системээр зайлуулдаг ба 52.3 хувь нь цооногт, 33 хувь нь ил задгай асгаж байгаа аж. Аймгийн хэмжээнд усны хэрэглээний түвшин нь адилгүй бөгөөд аймгийн төв суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт 230-350 литр, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 литр ус хэрэглэж байна. Одоогийн байдлаар Алтанбулаг, Сант, Хүдэр сумдын усан сан ашиглалтаас гарсан, Жавхлант, Зүүнбүрэн, Орхон, Түшиг, Хушаат, Шаамар сумд зориулалтын усан сангүй байна. Эдгээр сумдын зарим иргэд хөрсний ус хэрэглэж байгаа нь халдварт өвчин тархах, өвчлөлд амархан өртөх эрсдэл тулгараад байгаа юм. Алтанбулаг, Баруунбүрэн, Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр, Шаамар сумдын цэвэрлэх байгууламж дахин ашиглах боломжгүй болжээ. Мөн Жавхлант, Зүүнбүрэн, Орхон, Сант, Түшиг, Хушаат сумд цэвэрлэх байгууламжгүй бохир усыг ил задгай хаяж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд шугам сүлжээний хувьд Жавхлант, Зүүнбүрэн, Орхон, Түшиг, Хушаат сумд төвлөрсөн шугам сүлжээгүй, Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө сумын Бугант тосгон, Орхонтуул, Сант, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумд 0.4-5 км, Сайхан, Мандал, Сүхбаатар сумд 9-37 км шугам сүлжээтэй бөгөөд насжилтын хувьд шугам сүлжээний 90 гаруй хувь нь 25-62 жил болж байгаа ажээ. Иймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн тул аймгаас 2 үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг     

Холбоотой мэдээ