Аврагч, эрэн хайх нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх сургалт эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохой ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг өнгөрсөн онд байгуулсан. Тус албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-18” сургалт өнөөдөр Эрэлч нохойн албаны сургалтын төвд эхэллээ.
Сургалтад Аврах тусгай анги, НОБГ-ын Аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүсэв. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын дагуу зохион байгуулж буй “АНС-18” сургалт зургаан сарын турш үргэлжлэх юм.
Ж.Батсайхан