Залуучууд театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-12 20:01:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Залуучууд театр 1978 онд ашиглалтад орсноос хойш 2008 онд дээврийн засварыг хийж байжээ. Өнөөдрийн байдлаар 98 ажилтан, албан хаагч, уран бүтээлчидтэй энэхүү театрын дээврээс ус дусах асуудал хавар, зун, намрын улиралд эхэлж хүндхэн байдаг гэнэ.

Театрын удирдлагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн дээврээ зассан хэдий ч өнөөдрийн байдлаар үзэгчдийн их заал, тайзны ар хэсэг, 2 дугаар давхрын талбай, дугуй заалны коридор, ажилчдын өрөө зэрэг олон газруудад дусаал гоожсон хэвээр байгаа учраас аймгийн удирдлагуудад танилцуулж холбогдох газруудад уламжилж өгөхийг театрын удирдлагууд хүслээ.

Залуучууд театрын дээврийг засахад зарцуулагдах 119 сая төгрөг нь дээврийн дулаалга, бетон тэгшилгээ, хар цаас наах, зориулалтын түрхлэг, ажилчдын хөлс, техникийн болон бусад зардлууд орсон гэдгийг театрын зүгээс энэ үеэр мэдэгдсэн.

Залуучууд театрын дээврийн байдалтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Буянбат нар өнөөдөр танилцлаа.Үүнээс гадна Залуучууд театрын уран бүтээлчид нэгдэн УИХ-ын гишүүн Б.Жавхланд энэхүү асуудлаа танилцуулж гарын үсэгтэй хүсэлтээ ч мөн уламжилжээ. 
Одоогийн байдлаар шууд хөрөнгө гаргаад шийдвэрлэх боломжгүй ч энэ хавар хийх нэн шаардлагатай ажлуудын эгнээнд багтаахыг театрын удирдлагууд аймаг орон нутгийн удирдлагуудаас хүслээ.

Дашрамд тус театр нь Ази тивд хоёр, Монголд ганцхан байдаг ховор барилга байгууламж төдийгүй мэргэжлийн урлагийн театр гэдгээрээ онцлог ажээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ