Хэлтсийн дарга нарын хийсэн зарим мэдээлэл анхаарал татав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-14 14:43:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн бүх сум, тосгодын удирдлагууд Чингис хотноо цуглаж, хурал, сургалт семинар гээд тун завгүй өдрүүдийг өнгөрүүллээ. Энэ үеэр сумдын удирдлагуудад тус аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хийсэн зарим мэдээлэл анхаарал татав.

Тухайлбал,  2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Батноров, Хэрлэн сум, Өлзийт тосгоны ЕБС эхний байруудад орсон. Хэнтий аймгийн сурагчид математик, англи хэл, орос хэл, физик, биологи, химийн хичээлүүдээр улсын дунджаас доогуур үнэлгээтэй байгаад эрхэм багш сурагчид, эцэг эхчүүд анхаарах цаг нь болжээ. Мөн биеийн тамир, спортын ажилд Дархан, Дэлгэрхаан, Бор-Өндөр, Батширээт сумд, хүүхэд залуучуудын чиглэлээр Дэлгэрхаан, соёл урлагийн чиглэлийн ажилд Биндэр, Галшар, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгаа аж.

Өнгөрсөн онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг 27.7 хувиар амьсгалын замын өвчин, 10000 хүн амд ногдох сүрьеэгийн тохиолдлын түвшингээр 19.9 хувиар Биндэр, 10000 хүн амд ногдох тэмбүүгийн тохиолдлын түвшингээр 72 хувиар Баянмөнх сумд тэргүүн эгнээнд явна. Мөн Өмнөдэлгэр суманд эхийн эндэгдэл гарч, Бор-Өндөр, Өмнөдэлгэр сумдад төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн зэрэг сэтгэл эмзэглүүлэм мэдээллүүдийг тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс хийлээ.

Харин Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваагийн танилцуулснаар өнгөрсөн онд аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө нийт дүнгээр биелсэн боловч Галшар, Баянмөнх сумд орлогын төлөвлөгөөг тасалсан байна. Шилэн дансны сайтад Биндэр сум дундын ойн анги, мөн сумын Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ, Хэнтий Ус ХХК мэдээлэл огт илгээгүй гэв.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ