Дөрвөн нам Дээд Үндсэн хуулийн төслийг батлах тунхаг бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-03-14 15:36:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-аас боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч ажиллах болж, өнөөдөр тунхаг бичигт гарын үсэг зурлаа..

Тунхаг бичигт “Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна" хэмээжээ. Түүнчлэн Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэсэн хоёр парламенттай болох, Төр залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох, залуу гэр бүлийг орон сууцаар хангах зардлыг хариуцах, БНМУ-ыг цогцлоон байгуулж ядуурлыг бүр мөсөн арилгах зэрэг заалт оруулсан байна. Мөн газрын баялгийг монгол хүн, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулах, Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа, гэрчилгээ олгох зэргийг тусгажээ.

Тунхаг бичигт гарын үсэг зурах үеэр  МАХН-ын дарга Н.Энхбаяр,  "Энэ арга хэмжээнд дөрвөн намын удирдлагууд, жирийн гишүүд оролцож, Монгол даяар зарлан тунхаглах бичигт гарын үсэг зурлаа. Монголчууд өнөөдөр өмч хөрөнгөө булаалгаж, сурч боловсорч чадахгүй байгааг эсэргүүцэж байна. Шинэ дээд хуулийг баталснаар энэ буруу тогтолцоог халж, шударга ёсыг тогтооно" гэлээ.

Мөн  ИЗНН-ын дарга Д.Ганхуяг, "Монгол хүн хөсөр хаягдан, хилийн чанадад дүрвэж, харьд боолын ажил хийж байна. Нийгмийг луйвар, хулгай, хүнд суртлын өтгөн манан бүрхжээ. Тиймээс энэ асуудлыг ултай суурьтай шийдэх  алхмыг хэрэгжүүлэх цаг ирлээ" гэв.

Ч.Ариунболд

 
 
Холбоотой мэдээ