Худалдааны дайнд "ялагч" байдаггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-03-14 17:06:06
БРЮССЕЛЬ/БЭЭЖИН (Синьхуа) -- АНУ-ын сенатч Рид Смут, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Уиллис Хоули нарын санаачилсан  Гаалийн тарифын тухай хууль буюу “Смут-Хоулигийн тарифын тухай хууль” 1930 онд батлагдаж байсан билээ. Энэ хуулиар АНУ импортын 20 мянга гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулснаар “АНУ дахин ялна” гэж хуулийг санаачлагчид болох Р.Смут,  У.Хоули нар үзэж байлаа.
 
“АНУ дахин ялна” гэсэн энэ өгүүлбэр танд танил сонсогдож байна уу? Дээрх хуулийг баталснаас хойш 88 жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Тэнцвэрт бус худалдааны хэлэлцээрүүдээс үүдэлтэй “аймшигт хямрал”-аас АНУ-ын ажилчин ангийнхныг хамгаална" гэсэн амлалттайгаар ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф ногдуулах шийдвэрийг гаргаад байна.
 
Р.Смут болон У.Хоули нарынх “хоосон амлалт” байж таарсан. Тэдний санаачилсан хууль нь “их хямрал”-ыг улам гүнзгийрүүлж, олон улсын эдийн засгийн байдлыг улам тогтворгүй болгосон. Америкчуудыг энэ удаад юу хүлээж байгаа бол?

Эрс эсэргүүцэл

Ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф ногдуулж байгаа нь Д.Трампын “Амирик нэгдүгээрт” бодлогын нэг хэсэг юм.

Дотоодын импортлогч компаниуд түүний энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “АНУ-ын аж үйлдвэрийн салбарыг хамгаалахын тулд гангийн импортод 25 хувийн гаалийн тариф, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн тариф ногдуулах шийдвэр гаргасан” гэжээ.

Гэхдээ ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф ногдуулах Д.Трампын  энэ шийдвэр амжилт авчирна гэдэгт АНУ-ын засаг захиргааныхан ч итгэхгүй байна. Энэ шийдвэртэй холбоотой маргааны улмаас Д.Трампын эдийн засгийн ахлах зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.
 
Ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф ногдуулах шийдвэр гаргахаасаа өмнө буюу энэ оны нэгдүгээр сард АНУ-ын засаг захиргаа импортын угаалгын машинд ногдуулах тарифыг ирэх гурван жилийн хугацаанд 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, мөн нарны зай хураагуурт ногдуулах гаалийн тарифыг дөрвөн жилийн хугацаад 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Дэлхийд алдартай “Levi's” компани Д.Трампын сүүлийн шийдвэрийг эсэргүүцэн “Бид худалдаа хийхэд саад болж буй хэнийг ч, юуг ч эрс эсэргүүцэх болно. Бид дүрэм журмынх нь дагуу хэн ч тоглож болох нээлттэй зах зээл, чөлөөт худалдааг хэзээд дэмжинэ. Гаалийн тариф тогтоох, нэмэгдүүлэх шийдвэрүүд нь Америкийн брэндүүд, ажилчид болоод хэрэглэгчдэд сайнаар нөлөөлөхөөсөө илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах болно” гэжээ.

Д.Трампын шийдвэр Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны механизмуудыг "гэмтээж", дэлхийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлнө гэж АНУ-ын худалдааны хамгийн том түнш болох Хятад улсын Худалдааны яам мэдэгдээд "Хэрвээ АНУ-ын энэ үйлдэл Хятадын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлвөл бид бусад улс орны хамт эрх ашгаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно" гэжээ.

Гаалийн тариф ногдуулахыг “үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл” болгож байгаа бол бусад улс орон ч АНУ-ын экспортлогчдод “үндэсний аюулгүй байдлын тариф” ногдуулж, Америкийн бараа бүтээгдэхүүнүүдийг зах зээл рүүгээ нэвтрүүлэхийг хязгаарлаж болзошгүй гэж АНУ-ын томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн “Business Roundtable” хэмээх улс төрийн консерватив бүлгэмийн ерөнхийлөгч Жошуа Болтен үзэж байна.

Худалдааны дайнд ялагч байхыг хараагүй

АНУ протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого баримтлах болсонтой холбоотойгоор “худалдааны дайн дэгдэх нь” гэсэн айдас түгшүүр дэлхий дахинд нэмэгдсээр байна.
 
“Худалдаа хийж буй улс бүртээ хэдэн тэрбум доллар алдаж буй улс (АНУ) алдагдлаа нөхөхийн тулд худалдааны дайн зарлах хэрэгтэй. Энэ дайнд ялахад тийм ч хэцүү биш” гэж Д.Трамп саяхны нэг өдөр “Твиттер”-т жиргэжээ. Гэхдээ худалдааны дайны талаарх түүний бодлыг дэмжих хүн тун цөөн байна.

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо мэдэгдэхдээ “Худалдааны дайн бол хүсээд байх зүйл биш. Америкийн энэ бодлого Америкийн хэрэглэгчдэд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж, улс төрийн ялагдал амсахад хүргэнэ. Худалдааны дайнд ялагч байхыг би хараагүй” гэжээ.

“Morgan Stanley Asia” компанийн тэргүүн асан бөгөөд тус компанийн ахлах эдийн засагч Стефан Роч хэлэхдээ “Д.Трампын засаг захиргаа түншүүдтэйгээ, тэдгээрийн дотор Хятадтай хийж буй хоёр талын худалдааны тэнцвэрт бус байдлыг багасгахын тулд импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулж, тарифыг нэмэгдүүлж байна. АНУ-ын энэ шийдвэр түүхэн алдаануудаас үүдэлтэй асуудлыг улам хүндрүүлэх болно” гэжээ.
 
“Смут-Хоулигийн тарифын тухай хууль” нь АНУ-д их хямралаас өөр юу ч авчраагүй юм. Энэ хуулийн хүрээнд АНУ 20 мянга гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулсны хариуд улс орнууд АНУ-ын экспортлогчдод адил хариу арга хэмжээ авч, улмаар дэлхий дахинд “эдийн засгийн үндсэрхэг бодлогын уур амьсгал”-ыг бий болгосон билээ.

Орчин цагийн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй шийдвэрүүдийн нэг болох “Смут-Хоулигийн тарифын тухай хууль” нь АНУ-д сургамж болж үлдээгүй, бүр мартагдаж, дахин давтагдах гэж байгаа нь үнэхээр харамсалтай байна гэж “Morgan Stanley Asia” компанийн ахлах эдийн засагч С.Роч хэлжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ