Татварыг нэг шатлалтай болгох төслийг иргэд шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-15 16:49:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас татварыг нэг шатлалтай болгохыг зорьж байгааг буруу хэмээн үзэж буйгаа бизнес эрхлэгчид аймгийн Татварын хэлтсээс өнөөдөр зохион байгуулсан  Татварын хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ. 

Жишээлбэл, "Файнноос" компанийн ерөнхийлөгч С.Хыдырпатша: "Улаанбаатар болон Баян-Өлгий аймагт амьдардаг иргэдийн цалингаас адилхан 10 хувийн татвар авдаг. Манай иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний бараагаа Улаанбаатараас татдаг тул үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байна. Төвөөс алслагдсан бүс нутгуудад хувь хүний орлогын татварыг 5 хувиар тогтоох хэрэгтэй. Төвлөрлийг зохицуулах ажлын нэг хэлбэр бол татвар байх ёстой" гэдгийг онцоллоо.

Зарим иргэд малчдаас татвар авах ёстой гэсэн санал гаргав. Өлгий сумын иргэн Ц.Хорлоо: "Бид татвар шударга байх ёстой гэж хэлдэг. Төрийн албан хаагчдаас эхлээд ажил хийсэн хүн бүрээс татвар авдаг мөртлөө хэдэн мянган малтай малчид татвар төлдөггүй. Дээр нь зуд зурхан болсон үед улсаас хөнгөлөлт үзүүлнэ. Татвар хүн бүрт тэгш байх ёстой, суурийг нь өргөтгөх ёстой. Тийм учраас малчдаас зохих хэмжээний татвар авах нь зүйтэй" хэмээлээ.

Хэлэлцүүлгийн явцад бизнес эрхлэгчид, иргэдийн зүгээс татварын давхардлыг арилгах, хялбаршуулсан тайлан гаргах аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын босгыг 50 сая төгрөгөөс нэмэгдүүлэх, НӨАТ-ын программын системийг боловсронгуй болгох зэрэг саналуудыг илэрхийллээ.

Аймгийн Татварын хэлтсээс гарсан саналуудыг нэгтгэж Сангийн яаманд уламжлах аж.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ