Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-15 19:47:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбар, аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Өлгий хотын төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний зорилгыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай: "Олон Улсын Хэрэглэгчийн Байгууллагаас 2018 оныг “Цахим орчин дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалах” жил болгон зарласан юм.  Үүнтэй холбогдуулан ШӨХТГазрын орон нутаг дахь улсын байцаагчид, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Стандартчлал, хэмжил зүйн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон арилжааны банкууд, даатгалын компаниудтай хамтран өдөрлөг зохион байгуулж байна. Бидний гол зорилго бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг ард иргэдэд сурталчлах, хэрэглэгчдийн зөрчигдсөн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээж авах, газар дээр нь шийдвэрлэх юм" хэмээн тайлбарлалаа.

Өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагууд ард иргэдэд нийгмийн даатгал, албан журмын даатгал, татвар, банк, санхүүгийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгч, даралтын аппарат болон бусад хэмжүүр, хэмжих хэрэгслийг үнэ төлбөргүй шалган, тохируулга хийж өгч үйлчиллээ.

Дашрамд хэлэхэд, 1985 онд НҮБ-ын Ассамблейгаас Хэрэглэгчийн эрхийн найман зарчмыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Монгол Улсын хувьд уг өдрийг энэ жил долоо дахь удаагаа тэмдэглэж байгаа ажээ.  

Ө.Нурболат
Холбоотой мэдээ